Путин Донецк, Луганскийг хүлээн зөвшөөрч, цэргээ оруулахаар боллоо

Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Украинаас салан тусгаарлаж, өөрсдийгөө тунхагласан Бүгд Найрамдах Донецк Ард Улс, Бүгд Найрамдах Луганск Ард Улсыг хүлээн зөвшөөрч, улмаар энэ хоёр улстай найрамдал, хамтын ажиллагаа, хамтын тусламжийн гэрээнд гарын үсэг зурлаа.
Эдгээр баримт бичгийг өнөөдөр буюу хоёрдугаар сарын 22-ны өдөр Төрийн Дум, Холбооны зөвлөл соёрхон батлах бөгөөд хоёр танхимын төлөөлөгчид энэхүү гэрээг дэмжихэд бэлэн байгаагаа илэрхийлсэн байна. Донецк, Луганскийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх тухай Путиний энэхүү шийдвэрийг Сири, Өмнөд Осети, Абхази гэсэн орнууд дэмжиж байгаагаа илэрхийлжээ.
Цэргээ оруулна
Оросын Ерөнхийлөгч Владимир Путин ийнхүү дээрх хоёр улсыг хүлээн зөвшөөрсний дээр эдгээр улсын нутаг дэвсгэр дээр "энх тайвныг дэмжих" үүднээс Оросын Зэвсэгт хүчний цэргүүдийг оруулах тушаалыг Батлан хамгаалах яамдаа өгсөн байна.
Путиний мэдэгдэл гарсны дараа Оросын цэргүүд хөдөлж эхэлснийг харуулах дүрс бичлэгүүд олон нийтийн сүлжээгээр тархжээ. Бичлэгт өгүүлснээр, эдгээр цэргийн цуваа нь Бүгд Найрамдах Донецк Ард Улсыг зорьж байгаа гэх бөгөөд гэхдээ одоогоор эдгээр бичлэг нь баттай эсэх нь тодорхойгүй байна.
"Түүхэн үйл явдал"
Энэ хоёр улсыг Орос хүлээн зөвшөөрсөн нь түүхэн үйл явдал гэж БНДАУ-ын тэргүүн мэдэгджээ.
"Энэ бол шударга ёс, үнэн сэргэж буй явдал. Бид урагшаа итгэл төгс харж байна" хэмээн Денис Пушилин Телеграм хуудсандаа бичсэн байна. Түүнчлэн "тайван ирээдүйд хүчтэй Оросын Донбассыг бүтээх итгэл төрүүлсэн шийдвэр" хэмээн онцолжээ.
Путин зохих баримт бичгүүдэд гарын үсэг зурсны дараа Донецкийн оршин суугчид төв талбай дээрээ гарч ирэн, баяр тэмдэглэн хашгиралдаж, салют буудуулсан байна. Харин тэднийг аюулгүй байдлыг харгалзан нэг их удалгүй тараажээ.
Украин эрүүгийн хэрэг үүсгэв
Орос улс БНДАУ, БНЛАУ-ыг хүлээн зөвшөөрсөнтэй холбоотойгоор Украинд эрүүгийн хэрэгр үүсгэжээ. Даваа гаригийн үдэш Оросын Ерөнхийлөгч Владимир Путин олон улсын хууль тогтоомжийн дагуу Украины нутаг дэвсгэрт тооцогддог, өөрсдийгөө тунхагласан Донецк, Луганскийн тусгаар тогтнолыг албан ёсоор хүлээн зөвшөөрсний дараа ийм алхам хийхээс аргагүй болсон гэж Украины Ерөнхий прокурор Ирина Венедиктова мэдэгдсэн байна.
Түүний онцолсноор Украины хилийг өөрчлөхийг уриалахыг хориглосон эрүүгийн хуулийн зүйл ангийн дагуу хэрэг үүсгэжээ. Прокурорууд энэ хэрэг дээр нарийвчлан ажиллах бөгөөд үүнтэй холбоотой Оросын албан тушаалтнууд хилийн чанадыг зорихдоо хүндрэлтэй учирна гэж Венедиктова цохон тэмдэглэсэн байна.
"Бид мэдээд байсан юм" буюу барууныхан хориг тавина
Путин ийнхүү Донецк, Луганскийг хүлээн зөвшөөрөх шийдвэр гаргасны дараа барууны орнууд хариу арга хэмжээ авах ажилдаа шуурхайлан орлоо.
"Оросын зүгээс ийм алхам гарна гэдгийг бид урьдчилан мэдэж байсан, нэн даруй хариу арга хэмжээ авахад бэлэн" хэмээн Цагаан ордон мэдэгдээд БНДАУ, БНЛАУ-д америкчуудыг хөрөнгө оруулалт, худалдаа, санхүүжилт хийхийг хориглосон тушаалыг Байден тун удахгүй гаргана гэдгийг онцолжээ.
Түүнчлэн олон улсын өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа зөрчсөн Оросын эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авна хэмээн мэдэгджээ. Үүнд эдийн засгийн хоригууд багтах бөгөөд түншүүдтэйгээ хамтран дараагийн алхмыг хийнэ хэмээсэн байна.
Путиний мэдэгдлийн дараа Байден Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй утсаар ярьж, болсон хэргийн талаар хэлэлцжээ. Мөн Герман, АНУ, Франц улс Оросын үйлдэлд нэгдсэн хариу өгөхөөр тохиролцсон талаар Германы канцлер Олаф Шольц мэдэгдсэн байна. Гэхдээ чухам ямар хориг арга хэмжээ авах талаар тэрбээр тодорхой мэдээлсэнгүй.
Британи улс Путиний энэ шийдвэрийг Минскийн хэлэлцээрийг бүдүүлгээр зөрчсөн хэмээн үзэж байгаагаа илэрхийлсний дээр мягмар гаригт шинэ хориг арга хэмжээний талаар зарлахаар болсон байна. Харин Франц улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийг зарлан хуралдуулахыг уриалжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ