АТГ-аас ОСНААУГ-ын дарга Ч.Мэндбаяр нарын албан тушаалтнуудыг шалгаж байна. Тэднийг улсад их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй хэмээн мөрдөн шалгаж буй аж.
Асуудлыг тодруулбал, ОСНААУГ-ын нэр бүхий албан тушаалтнууд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагын усны төлбөрт илүү бичилт хийж, төрөөс багагүй хэмжээний мөнгө завшсан байж болзошгүй байна. Бүр тодруулбал төрийн хоёр тэрбум төгрөг Ч.Мэндбаяр нарын халаас руу орсон байж магадгүй аж.
ОСНААУГ-ын санхүү, эдийн засаг хариуцдаг албан тушаалтнууд хэрэглэгчдэд үйлчлэх салбар төвүүдийн нягтлан бодогч нарт айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагын цэвэр, бохир усны төлбөрийн нэхэмжлэх дээр илүү бичилт хийх заавар, чиглэлийг эхлээд утсаар өгчээ. Дараа нь нягтлан бодогчийг биеэр дуудаж, энэ үүргээ дахин өгсөн байна. Төрөөс мөнгө завших боломжийг ашиглахаар улайрсан нь энэ.
Цар тахлын үед айл өрх, албан байгууллагыг дэмжих зорилгоор тог цахилгаан, цэвэр, бохир ус, дулаан, уур, хогны төлбөрийг төрөөс төлсөн. Бүр тодруулбал Эрдэнэт үйлдвэр Монгол Улсын айл өрх, албан байгууллага бүрийн өмнөөс тог цахилгаан, ус, дулааны төлбөрийг нь улсад шилжүүлсэн. Харин энэ мөнгөнөөс ОСНААУГ-ын дарга Ч.Мэндбаяр нар айл өрх, аж ахуйн нэгжийн усны төлбөрт илүү бичилт хийх замаар завшсан байж болзошгүй байна.
Б.Хэрлэн