Гал сөнөөгчдөөс анхны гавьяат төрлөө
2021-12-28

Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Д.Эрдэнэбилэг  “Үйлчилгээний гавьяат ажилтан цол”-оор шагнууллаа.

 

 Шагналыг өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн ордны Есөн хөлт, цагаан тугт танхимд гардуулан өгсөн юм.

 

 Ахлах ахлагч Д.Эрдэнэбилэг нь Онцгой байдлын байгууллагаас төрөн гарсан ес дэх гавьяат  буюу гал сөнөөгчдөөс төрсөн анхны гавьяат болж байна.

 

 

Тэрээр Онцгой байдлын байгууллагад 19 дэх жилдээ үүрэг гүйцэтгэж байгаа юм. Ажиллах хугацаандаа ахуйн гал түймрийн  3120 удаагийн дуудлагаар 3120 ажиллаж, төр, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн 5.8 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж, 1975 удаагийн гал түймэр дээр мэргэжлийн өндөр ур чадвар гарган өөрийн биеэр 684 хүнийг, тасгийн бие бүрэлдэхүүнийг удирдан зохион байгуулж 2162 хүнийг болзошгүй гал түймрийн аюулаас авран хамгаалсан.

 

Тухайлбал, Чингэлтэй дүүргийн 4-р хороо “Юмт Бөмбөгөр” худалдааны төв, Сонгино хайрхан дүүрэг 18 дугаар хороо “НИК”-ийн шатахууны агуулахын резервуар,  Баянзүрх дүүрэг 11 дүгээр хороо Залаатын амны “Голын эрэг амралтын газрын байр, МАХН-ын байр, Баянгол дүүргийн “Бөөний бараа бааз”-ын цаасны үйлдвэр, Баянзүрх дүүргийн төмрийн үйлдвэр, “Уран зургийн галерей”, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо Саруул худалдааны төв, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо Сандей Плаза худалдааны төв,  Сүхбаатар дүүргийн  6 дугаар хороо Багшийн хөгжлийн ордон, Баянгол дүүргийн 5 дугаар хороо “Дашваанжил” ХХК-ийн  борлуулалтын төв, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо Засгийн газрын ордны хуралдааны өрөө,  Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо Хаан гэр, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Е Март худалдааны төв, Хан-Уул  дүүргийн 3 дугаар хороо “Говь Кашмер”-ийн үйлдвэрийн барилгын дээвэрт  тус тус гарсан гал түймрүүд дээр мэргэжлийн өндөр ур чадвар гарган ажилласан шилдэг алба хаагчдын нэг юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин