Б.Чинбат: Төрийн дээд шагналаа гардаж авч чадаагүйдээ хүлцэл өчье

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөгжмийн зохиолч, найруулагч Батмөнхийн Чинбатад Урлагийн гавьяат зүтгэлтэн цол олгосон. Харамсалтай нь тэрбээр шагналаа өөрийн биеэр очиж авах боломжгүй болсон юм.
Энэ талаараа тэрээр өөрийн цахим хуудаснаа "Юуны өмнө төр засаг, түмэн олондоо маш их баярлалаа. Хөгжим гэдэг энэ агуу ертөнцөд таван настайгаасаа дурлаж өнөөг хүртэл зүтгэж байгаа өчүүхэн авьяас чадвар, хүч хөдөлмөрийг минь үнэлж Төр засаг минь Монгол Улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн цолоор шагнажээ.
Миний аав яг миний насан дээр Монгол Улсын гавьяат жүжигчин цолоор шагнагдаж байсан билээ. Аав минь байсан бол хичнээн их баярлах байсан бол гэж бодож сууна.
Өнөөдөр дэлхийд нүүрлээд байгаа энэ аюулт тахлыг тойрч гарсангүй дайраад гарсан өдөр нь ингэж давхцах юм гэж хэн санах билээ. Өчигдөр оройны 9 цагт миний шинжилгээний хариу эерэг гараад тэр дороо эмнэлэгт ирж хэвтсэн байна аа. Иргэнийхээ үүргийг биелүүлж бусдыгаа эрсдэлээс хамгаалахын тулд энэ хүндэт төрийн дээд шагналаа гардаж авах цагтаа хүрэлцэн очиж чадахгүй болсондоо төр засаг болон түмэн олон та бүхнээсээ түмэнтэй хүлцэл өчиж байна.
Та бүхэн минь амны хаалтаа тогтмол зүүж, хайртай хүмүүсээ эрсдэлээс хамгаалаарай" гэж бичжээ.
Г.Мичид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ