Хоёр машин мөргөлдөж, дөрвөн хүн газар дээрээ нас баржээ

Өмнөговь аймгийн Цогт-Овоо суманд зам тээврийн ноцтой осол гарч, дөрвөн хүн газар дээрээ нас барж, 3 хүн гэмтжээ. Тус сумын Найз багийн Гялааны тойром гэдэг газарт суудлын хоёр машин мөргөлдсөн тухай дуудлага онцгой байдлын албанд 12 дугаар сарын 9-ний 13:05 цагт иржээ.
Аврагчид очиход Улаанбаатараас-Өмнөговь аймгийн чиглэлд зорчиж явсан Приус-20 суудлын автомашин, Өмнөговиос Улаанбаатар руу явж байсан вингроад суудлын автомашинтай мөргөлдсөн байжээ.
Ослын улмаас Вингроад автомашинд зорчиж явсан Б /45 настай, эрэгтэй/, М /11 настай, эрэгтэй/, Н /8 настай, эмэгтэй/ нар автомашины төмөр эд ангид хавчуулагдан гэмтсэн байсныг эсэн мэнд гаргаж, Бүсийн оношлогоо эмчилгээний төвд хүргэжээ.
Харин ослын улмаас Д /44 настай, эрэгтэй/, М /40 настай, эмэгтэй/, А /16 настай, эмэгтэй/, “Приус-20” загварын суудлын автомашины жолооч М /36 настай, эрэгтэй/ нар нас барж, цогцсыг тус аймаг дахь Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.
Эх сурвалж: ОБЕГ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ