Н.Сувд: Театрыг үүсгэн байгуулсан ахмадуудын маань хүч хөдөлмөр, авьяас бидэнд шагнал болж ирлээ

Монгол Улсад мэргэжлийн урлагийн театр үүсэн байгуулагдсаны 90 жилийн ой энэ жил тохиож байна. Энэ ойг тохиолдуулан театрын урлагт үр бүтээлтэй олон жил ажилласан уран бүтээлчдэд Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн одон медаль хүртээлээ. Тэдний сэтгэгдлээс хүргэж байна.
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар П.Цэрэндагва
Сэтгэл маш өндөр байна. Төрдөө үнсүүлээд гараад ирэхэд төрсөн нутгийнхан маань тосоод хүлээж байна. Төрдөө гурав дахь удаагаа үнсүүлж байна. Төр минь намайг гурван удаа үнсэхдээ надаас өр нэхэлгүй хишиг хүртээсэнд сэтгэл өег байна.
Энд сэтгэл хөөрөхөөс гадна бодож, тунгаах юм маш их байна, хүүхдүүд минь. Намайг таньдаг, таньдаггүй бүх хүний сэтгэл, итгэлийг дааж, хүний ноён нуруутай явъя даа гэж бодогдож байна. Үзэгч, сонсогч та бүхэндээ эрүүл энхийг хүсэн ерөөе. Бие эрүүл, ухаан саруул, сэтгэл уужим, зүтгэл шулуун байж, үйлс буян дэлгэрэхийн ерөөлийг дэвшүүлье, баярлалаа” хэмээн баярын сэтгэгдлээ хуваалцлаа.
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Н.Сувд
Маш их баяртай байна. Юуны өмнө энэ театрыг үүсгэн байгуулсан, хүч хөдөлмөр, оюун ухаанаа зарцуулсан ахмадууддаа их баярлалаа. Тэдний минь хүч хөдөлмөр, авьяас билэг өнөөдөр бидэнд баяр баясгалан болж, шагнал урамшуулал болж бууж ирж байна. Мөн үзэгч та бүхэндээ баярлалаа. Та бүхэнгүйгээр театр оршин тогтнохгүй. Энэ бол та бидний хамтын хөдөлмөрийн хүч, бүгдэд нь амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.
Монгол Улсын Ардын жүжигчин Д.Гүрсэд
Төрийн өндөр дээд шагнал хүртсэндээ маш их баярлаж байна. Монголын урлаг, түүх соёлын нэгэн үеийн бүтээдэг энэ салбарт өөрийн амьдралыг зориулж өнөөдрийг хүрч, төр засагтаа үнсүүлж байгаадаа баяртай байна. Би нийт 60 гаруй киноны гол болон туслах дүрүүдэд тоглосон. Гадаадын алдартай уран бүтээлчидтэй хамтарч ажилласан удаа ч олон бий. Энэ бол хамт олон, уран бүтээлчдийн маань ач буян юм.
Монгол Улсын Ардын жүжигчин Б.Жаргалсайхан
Юуны өмнө Монголын ард түмэндээ баярлалаа. Үзэгч та бүхний алга ташилтаар бидний ажил үнэлэгддэг. Та бүхний үнэлгээг төр маань шагнал болгон өглөө.
Багшдаа баярлалаа. ЗХУ-ын Ардын жүжигчин Анатолий Дмитриевич Папанов багшдаа мөргөе. Төрүүлж, өсгөсөн аав ээждээ, Дундговь нутгийнхаа ард түмэндээ, найз нөхдөдөө баярлалаа. Монголын театрын урлаг мандан бадрах болтугай. Мөнхөд орших болтугай.
Монгол Улсын Гавьяат жүжигчин Г.Амгаланбаатар
Театрын маань түүхт 90 жилийн ойгоор Хаадын Хаан жүжгийн Их Эзэн Чингис хааны дүрд тоглосон. Мөн 43 насны төрсөн өдрөөрөө төрийнхөө хайр хишгийг хүртэж, улсынхаа гавьяат жүжигчин болсондоо туйлаас их баяртай байна. Үзэгч түмэндээ маш их баярлалаа.
Монгол Улсын Гавьяат жүжигчин Ц.Баясгалан
Сэтгэл маш өндөр байна. Драмын театртай 30-аад жил ажилласан байна. Сүүлийн 10 жилд драмын хамгийн хүнд төрөл болох моно жүжгийн төрлөөр түлхүү ажилласан. Дэлхийн 17-18 орны тайзан дээр гарч, Монгол Улсаа сурталчилсан. Моно жүжгийн 10-аад фестивальд оролцож, ГранПри шагналыг авсан. Төр засаг маань үнэлдэг юм байна, маш их баяртай байна. Гэр бүлийнхэндээ, аав ээждээ маш их баярлалаа. УДЭТ-ын хамт олон, нийт үзэгчдэдээ баярлалаа.
Б.Хэрлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ