ДАШТ-нд эх орноо төлөөлөх Г.Энхжин: Бүжиг бол урт хугацааны хөдөлмөр

Монгол Улсын бүжгийн спортын 7 удаагийн аварга, Азийн бүжгийн спортын 4 дүгээр байрын шагналт, бүжигчин Г.Энхжинтэй ярилцлаа.
Юун түрүүнд өөрийгөө болон гэр бүлээ танилцуулахгүй юу?
-
Сайн байна уу. Намайг Гантулгын Энхжин гэдэг. Одоо 18 настай. Аав, ээж, ахтайгаа амьдардаг. “Master dance” бүжгийн клубын гишүүн. Энэ жил арван хоёрдугаар ангиа төгссөн. Ээж маань намайг бүжиглэхийг хамгийн сайн дэмждэг.
Таны хувьд яагаад бүжигчин болохоор шийдсэн бэ?
-
Анх зүгээр сонирхоод хичээллэж эхэлсэн. Анхны тэмцээндээ орсны дараагаас бүр бүжиглэх дуртай болсон. Өмнө нь өөр спортуудаар хичээллэж байсан ч надад хамгийн тохирсон нь бүжиг юм шиг санагддаг. Бэлтгэл сургуулилт хийгээд түүнийхээ үр дүнг тэмцээн дээр харах тэр мэдрэмжинд дуртай болж илүү дурлаж эхэлсэн дээ.
Хэдэн наснаасаа эхэлж бүжгийн спортоор хичээллэсэн бэ?
-
Яг 7 жил энэ спортоор хичээллэж байна. Би зургаадугаар ангиасаа бүжиглэж эхэлсэн юм байна. Анх манай сургууль дээр Б.Содмягмар багш маань бүжиг зааж байсан. Ерөнхийдөө бараг ганцаараа бүжгийн хичээлдээ оролцдог байсан. Хэдий ганц хүүхдэд ч гэсэн багш хичээлээ тасралтгүй заадаг байсан шүү. Тэгээд долоон жил энэ багш дээрээ бүжиг сураад одоо багштайгаа партнёр болоод бүжиглэж байна.
Багштайгаа партнёр болсон гэлээ. Бүжиглэхийн хажуугаар багшаасаа сурах зүйл их байдаг байх?
-
Тэгэлгүй яахав. Багшаасаа сурах зүйл дуусахгүй шүү. Яг бүжгийн хос болоод хоёр жил өнгөрсөн байна. Өмнөх таван жилийн хугацаанд багшаасаа маш их зүйлийг сурсан. Одоо ч үргэлжлүүлж сурсаар байгаа. Үнэхээр мундаг хамтрагч байж чаддаг. Миний бодлоор багш маань яг бүжиглэх гэж л төрсөн юм шиг санагддаг.
ДАШТ-д латин төрөлд хосын төрлөөр оролцох гэж байгаа гэж дуулсан. Таны хувьд өмнө нь дэлхийн аваргад өрсөлдөж байв уу?
-
2018 онд Азийн бүжгийн спортын аваргад анх удаагаа Монгол Улсаа төлөөлж явж байсан. Харин 2019 онд анх удаагаа дэлхийн аваргад өрсөлдсөн. Ингэхдээ латин болон стандарт хоёр төрлөөр оролцсон. Энэ жил амжилтаа бататгаад хоёр дахь удаагаа латин бүжгийн төрөлд хосын төрлөөр партнёртайгаа явах гэж байна.
Ойрын зорилгоосоо хуваалцахгүй юу?
-
Удахгүй ДАШТ-д орох гэж байгаа болохоор улс орнуудын хамгийн шилдэг тамирчидтай нэг тайзан дээр гарч, уулзах боломж бүрдэнэ. Тэгэхлээр тэдний бүжиглэхийг харж, өөртөө туршлага хуримтлуулах, чадвараа илүү сайжруулахыг хүсч байна. Хамгийн ойрын зорилт энэ байна.
Ингэхэд хэзээнээс “Master dance” клубт орсон бэ?
-
“Master dance” клуб байгуулагдсан цагаас эхлээд тасралтгүй таван жил энд бүжиглэж байна. Манай клуб байгуулагдаад яг таван жил болж байна. Тэрнээс өмнө бол Б.Содмягмар багшийнхаа бүжгийн сургалтанд явдаг байсан. Одоо бол бүжиглээд хажуугаар нь бас бүжгийн клубтээ багшилдаг.
Бэлтгэлээ хийхээс гадна багшилдаг гэхээр их л завгүй байдаг байх?
-
Энэ жилээс багшилж эхэлж байна. Долоо хоногийн зургаан өдөр нь ажилладаг. Бүтэн сайн өдрөөр амардаг. Өдөрт хоёр, гурван цаг бүжгээ заагаад, орой нь өөрийнхөө бэлтгэлийг хийдэг. Гэхдээ бүжигт дуртай болохоороо сонирхолтой байдаг.
Бүжгийн урлаг биеэ зөв авч явахаас эхлээд бүхий л соёлд сургадаг юм шиг санагддаг. Энэ талаар юу гэж боддог вэ?
-
Тийм шүү. Жишээлбэл, бид нар бүжгийн зааландаа орж ирээд бүгд халаалт хийж, хүзүүгээ сунгаад цэх алхах, бэлтгэлийн хувцсаа солиод бүгдийг нь эвхэж тавих зэрэг ийм жижиг зүйлсээс хүртэл эмх цэгц сууж байдаг. Хүүхдийг төлөвшихөд хамгийн сайнаар нөлөөлж чадах спорт гэж боддог.
Бүжиглэхийн хажуугаар өөрийгөө хэрхэн хөгжүүлдэг вэ?
-
Чөлөөт цагаараа бас ширээний теннис тоглодог. Хичээлээ ч давхар хийдэг. Бүжгийн спортоор хичээллэсэн хүүхдүүд хэзээ ч хичээлээ орхидоггүй. Яагаад гэхээр бүжгээр хичээллэхээр хүний тархины үйл ажиллагаа илүү ажилладаг юм шиг санагддаг. Мөн ном их уншдаг. Ихэвчлэн уран зохиолын ном сонгож унших дуртай. Гадаад хэлээ ч гэсэн сайжруулахаар хичээж байгаа.
Та бол амжилттай яваа залуу үеийн төлөөлөл шүү дээ. Бүжгийн спортыг сонирхдог, магадгүй хичээллэж эхлэх гэж байгаа залууст хандаж ямар зөвлөгөө өгөх вэ?
-
Хамгийн гол нь бүжгийн спортод тууштай байдал чухал. Зарим хүмүүс эхний хугацаанд хэцүү байна, би бага зүйл сурлаа гээд бүжгээ орхих хандлагатай байдаг. Эхний энэ хугацаандаа л тууштай байх хэрэгтэй. Олон жил хичээллэсний дүнд тухайн спортоо ойлгож, илүү дуртай болж эхэлдэг учраас урт хугацааны хөдөлмөрийг л өөрөөсөө шаардах хэрэгтэй гэж хэлмээр байна.
Ярилцсанд баярлалаа. Удахгүй болох ДАШТ-д нь амжилт хүсье.
О.Төгөлдөрмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ