Бага насны хүүхэд хүчиндсэн 63 хэргийн 28 нь гэр бүлийн хүрээнд үйлдэгджээ

Цагдаагийн байгууллагад 2021 оны эхний 10 сард 17 360 гэмт хэрэг бүртгэгджээ. Үүний 64.1 хувь буюу 11 132 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Гэмт хэрэг улсын хэмжээнд 10.9 хувь, нийслэлд 9.9 хувиар буурчээ.
Нийслэлд хүний амь насыг хөнөөсөн 84 гэмт хэрэг гарсан бөгөөд хэргийг бүгдийг илрүүлжээ. Харин бага насны хүүхдийг хүчиндсэн 63 гэмт хэрэг үйлдэгдсэнээс 35 хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татжээ. Үүний 28 хэргийг ах дүү, хамаатан садан, хойд эцэг, гэр бүлийн хамаарал бүхий этгээд үйлдсэн байна. Мөн дээрмийн 210 хэрэг бүртгэгдсэний 210 хэргийг илрүүлжээ. Дээрмийн гэмт хэргийн 79 хувь нь шөнийн цагаар үйлдэгдэж байна. Хохирсон иргэдийн 58.4 хувь нь согтуурсан, мансуурсан үедээ гэмт халдлагад өртжээ. Дээрэм хийсэн этгээдийн 46 хувь нь 18-23 насны залуус байна.
Мөн иргэдийн гудамж талбайд байрлуулсан автомашиныг хулгайлсан 77 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Үүний 71 хэргийг илрүүлж, 6 автомашиныг эрэн сурвалжилж байна. Автомашины хулгайлж буй хэрэгтнүүд нь 12-16 буюу өсвөр насны хүүхдүүд байгааг Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Отгонжаргал хэлж байна.
Улсын хэмжээнд залилангийн хэрэг 41.6 хувиар өсчээ. Хэргийн 50 хувь нь цахим орчинд үйлдэгдэж байна. Ихэвчлэн фэйсвүүк, и-мэйлээр нэвтэрч, хүний нэр барин мөнгө авдаг үйлдлүүд зонхилж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ