Үндсэн хуулийн цэц гэх баартай газар бий. Уг нь Монгол Улсын эх хуулийг сахиулах ариун үүрэгтэй. Гэвч цэцийн гишүүний томилгооноос эхлээд тэр байгууллагыг тойрсон хэл ам тасрахгүй. Улс төрд насаараа ажилласан эрхмүүд тэтгэврийн насандаа тулахдаа Үндсэн хуулийн цэцэд очдог. Товчхондоо тэтгэврийн насны өвөө, эмээ нарын цуглуулга. Төрөөс тэднийг дэвшүүлэн зайлуулж, Үндсэн хуулийн цэцэд аваачдаг.
Харин энэ удаагийн томилгоо их өөр байлаа. Тэтгэврийн насны хэн нэгэн бус 43 настай идэр залуухан эрхмийг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр УИХ өчигдөр/2021.10.07/ томиллоо. Дээр нь тэр улс төрд ажиллаж байгаагүй, цэвэр хуульзүйн салбарт ажиллаж ирсэн мэргэжлийн хуульч гэдгээрээ өмнөх томилгоонуудаас тэс ондоо.
Нэгэн цагт Монголын шударга ёсны дуу хоолой болж явсан Дашбалбар агсны хүү Гангабаатар гэх эрхэм өнөөдрөөс Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр ажиллаж эхэллээ. Тэрбээр 1999 оноос эхлэн МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирлын туслах, багш, эрдэмтэн-нарийн бичгийн дарга, дэд профессор, профессороор нийт 22 жил ажилласнаас 19 жилд нь багш, профессорын албан тушаалд ажиллажээ. Мөн 2007 онд Нидерланд Улсын Утрехтын их сургуульд зочин судлаач, 2008 онд Их Британийн Бэлфастын хатан хааны их сургуульд зочин судлаач, 2012 онд Америкийн Нэгдсэн Улсын Жон Маршаллын хуулийн сургуульд зочин судлаач, 2014 онд Япон Улсын Нагояагийн их сургуулийн дэд профессороор тус тус ажиллаж байсан аж. Товчхондоо мэргэжлийн хуульч, судлаач хүн гэсэн үг.
Тиймдээ ч хүлээлт өндөр байна. Энэ томилгоо бол Үндсэн хуулийн цэц гэх байгууллагад шинэ салхи сэвэлзэх эхлэл хэмээн найдаж байна. Аль нэг улс төрийн намын томилгоо, хэн нэгэн даргын тавиул бус мэргэжлийн хуульч учраас эзэнд үйлчлэх шаардлага гарахгүй болов уу. Эх хуулийг сахиулах, эрхзүйт төрийг төлөвшүүлэхэд ихээхэн хувь нэмэртэй эхлэл байгаасай.
Мэдээж, ганцхан хүн Үндсэн хуулийн цэц гэх угжирсан байгууллагыг шинэчлэхгүй, хүч дутахгүй үгүйсгэхгүй. Мөн улс төрийн шахалт дарамт ч мундахгүй. Гэхдээ зөв томилгоо эерэг шинэчлэлийн эхлэл болох нь дамжиггүй биз ээ.
Б.Хэрлэн
Уншиж байна |