Олон улсын Үндсэн хуулийн хяналтын шүүхийнхэн цахимаар хуралдав
2021-09-24

Европын Зөвлөлийн Венецийн комиссоос Үндсэн хуулийн шүүх эрх мэдлийн  асуудлаарх хамтарсан Зөвлөлийн 19 дүгээр цахим хурлыг 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр зохион байгууллаа. Хуралд тус комиссын гишүүн  40 орчим улсын Үндсэн хуулийн шүүхийн болон Үндсэн хуулийн хяналтын шүүхийн зарим олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцов.

 

Цахим хуралд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн Ерөнхийлөгчийн хувьд хүндэт зочноор уригдан оролцлоо.

 

Хурлын үеэр  Европын Зөвлөлийн Венецийн комисстой харилцаа, хамтын ажиллагаатай зарим байгууллага тухайлбал, Европын Үндсэн хуулийн шүүхүүдийн Бага хурал, Африкийн Үндсэн хуулийн шүүх эрх мэдлийн Бага хурал, Үндсэн хуулийн хяналт тавих  байгууллагуудын Евразийн нийгэмлэг зэрэг Ази, Африк, Европын Үндсэн хуулийн хяналтын шүүхийг нэгтгэсэн тив, бүс нутгийн олон улсын байгууллагуудын үйл ажиллагаа, цаашдын зорилт, тулгамдаж буй асуудлаар харилцан мэдээлэл солилцов.

 

 

Энэ хүрээнд Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн Ерөнхийлөгч, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга  Н.Чинбат хэлсэн үгэндээ, “Бид Нийгэмлэгийг даргалах хугацаандаа нийгэмлэгийн үйл ажиллагааны хүрээг тэлж, Үндсэн хуулиа хамгаалах эрхэм чиг үүргээ биелүүлэхийн төлөө илүү олон гишүүнтэй болгоход дэмжлэг үзүүлж, олон улсын бусад байгууллагуудтай нягт хамтын ажиллагааг  өргөжүүлэн, Нийгэмлэгийн нэр хүндийг өсгөхөд бүх хүчин чармайлтаа дайчлан  ажиллана” гэдгээ илэрхийллээ.

 

Уулзалтын үеэр төлөөлөгчид Монгол Улсын Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийг даргалах болсонд баяр хүргээд Нийгэмлэгээс явуулж байгаа олон улсын идэвхтэй үйл ажиллагааг  дэмжиж  хамтран ажиллахаа илэрхийлсэн байна.

 

 Венецийн комисс нь нь 1990 онд байгуулагдсан бөгөөд Европын Зөвлөлийн дэргэд Үндсэн хуулийн эрх зүйн асуудлаар зөвлөх эрхтэйгээр  “Эрх зүйд үндэслэсэн ардчиллын төлөө” уриан дор ажилладаг байгууллага билээ. Өдгөө нийт 60 улс  гишүүнээр нь ажиллаж байгаа ажээ.

Эх сурвалж: ҮХЦ

 

Shuud.mn
Сонин хачин