Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Н.Сувд Жуковын талбайн газрын асуудлаар мэдээлэл хийлээ. "Саран ээж" нийгэмлэгийн Удирдах зөвлөл, Хяналтын албаны хүмүүсийг танилцуулав.
-Олон хүүхэд төрүүлсэн ээжид улсаас одон гардуулж, хүүхдийн тэтгэмж өгөхийг дэмжсэн. Олон хүүхдээ сайхан хүмүүжүүлсэн ээжүүдийг тодруулж, тэдний туршлагыг нийтэд түгээн дэлгэрүүлье гэсэн зорилгтой манай нийгэмлэг байгуулагдсан. Энэ нийгэмлэгийн зорилго үр хүүхэд, хань ижлийнх нь зорилгод нийцсэн байжээ. Үр хүүхдүүд нь ээжийгээ баярлуулах гэж сэтгэлийг нь догдлуулдаг. Тэндээс амьдралын баяр баясгаланг мэдэрдэг.
2001 онд "Ээж" музейг байгуулахаар болж, тогтмол сурталчилгааг хийж байх байртай болох санаачлага гарч яригдсан байна. Хөдөлмөрийн баатар агсан Л.Түдэв гуай "Ээж" музейн төсөл бичиж, гавьяат архитекороор зургийг нь гаргуулжээ. 2002 онд газрын асуудал шийдвэрлэхээр хотын захиргаанд санал тавьжээ. Тэр үед "Бридж" групптэй гэрээ байгуулж, музей байгуулах зөвшөөрөл авчээ.
2007 онд Баянзүрх дүүргээс хуулийн дагуу дөрвөн компани газар олгохоор болжээ. Улмаар уг газарт 13 давхар орон сууц барихаар хотын захиргаанаас шийдвэр гарчээ. Бидэнд ямар нэг дүрэм журам зөрчиж энэ газрыг аваагүй гээд, хоорондоо зохицох санал гаргасан. Өндөр байшингийн ард хоёр давхар байшин барихгүй гэж үзсэн байна. Тиймээс өндөр байшингийн урд хоёр давхар байшинтай музей барихаар болжээ.
Ингээд хамтарч ажиллах гэрээнд газрын үсэг зурсан. Уг газарт дулаан цахилгаан, халуун усны шугам гээд их хөрөнгө, хөдөлмөр орсон. Гэтэл ковид гараад хоёр жил болсон. Эцэст нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Энэ газарт өндөр орон сууц барих зохимжгүй байна. Хүүхэд залуусын чөлөөт цагаа өнгөрөөх цэцэрлэг байгуулъя" гэсэн чиглэлийг хотын захиргаанд өгсөн. Бид энэ шийдвэрийг баяртай хүлээж авсан. Бид хамтарч ажиллаж байгаа компанитай уулзсан. Бид төслөө дахин шинэчлэх боломжгүй, харин гаргасан зардлаа яах вэ гэдэг асуудал тавьсан. Төслөө хэрэгжүүлэх итгэлтэй найдвартай компани байвал туслаач гэсэн саналыг тавьсан. "Ээж" музей төслийг хийх "Мөнхийн сайн санаа" компанитай уулзаж байна. Ингэхдээ ухсан газрыг граж болгож, спорт комплекс барьж өгье гэсэн. Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хорооны оршин суугчдын 80 гаруй хувь нь зөвшөөрсөн. Бид одоо юун нь болохгүй байгааг ойлгохгүй байна хэмээв.
Н.Нягт