Гурван тонн хураасан аргал шатаж байсныг унтраажээ
2021-09-06

ОБЕГ-аас гал түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна. Өчигдөр болон урьд шөнө улсын хэмжээнд хэд хэдэн галын дуудлага иржээ. Тухайбал,

 

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Сүлд спорт хороо”-ны баруун талд өнөөдөр үүрээр чингэлэг шатсан байна. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 04:30 цагт очиж 6х2 метрийн хэмжээтэй чингэлэг, 4х3 метрийн хэмжээтэй амбаар, эд хогшил тус тус шатаж байсныг 25 минут ажиллаж унтраажээ. 

 

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Төвийн багийн “Хангал” хороололд өчигдөр байшин шатсан байна. Тус сумын Засаг даргын орлогчоор ахлуулсан иргэд  “Хангал” хорооллын 1328 тоотод иргэн Э-ын 6×9 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 2 цаг 30 минут ажиллаж унтраасан байна. Түүнчлэн  Увс аймгийн Баруунтуруун сумын Туруун багийн “Гүвгэр” гэдэг газарт айлын өвөлжөө шатжээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 60 дугаар ангийн алба хаагчид иргэн Д-ийн 10х15 метрийн хэмжээтэй өвөлжөөнөөс 10 метрийн зайнд 3 тн хураасан аргал шатаж байсныг унтраасан байна. 

Э.Сонор

Shuud.mn
Сонин хачин