"Танан Импекс" баг анхны цомоо гардан авлаа

img

"TLG13" ТББ,  "М Си Эс Кока Кола"  компанитай хамтран  зохион байгуулдаг Спрайт хөгжлийн лигийн 2011-2012 оны улирлын аваргын цомыг  Ц.Чинбат эзэнтэй, Ү.Давхарбаяр дасгалжуулагчтай, М.Дорждагва ахлагчтай "Танан Импекс" баг хүртлээ. Аваргын төлөөх цуврал тоглолтонд "Танан Импекс"-ийн залуус 2:0 харьцаатайгаар өнгөрсөн жилийн аварга "ДХИС-ийн CRM Шонхорууд"  багийг илт давуу буулган авсан.  Цувралын эхний тоглолтонд 84:65 харьцаатайгаар хожсон бол хоёрдахь тоглолтонд 80:90 харьцаатайгаар ялалт байгуулж Спрайт хөгжлийн лигийн аваргын цомыг анх удаагаа  гардлаа. Цувралын сүүлийн тоглолтонд  "Танан Импекс" багаас  Ц.Отгонсүх 18 оноо, О.Ууганбаяр 15  оноо, М.Дорждагва 14 оноо авч шилдэг тоглолт үзүүллээ. Харин аварга "ДХИС-ийн CRM Шонхорууд"  багаас н.Бат-Эрдэнэ 23 оноо, Б.Баянбат 17 оноо авч багаасаа шилдэг тоглолт үзүүлсэн ч баг хожигдож  аваргын цомоо хамгаалж чадсангүй.  Аваргын цомыг 5 сая төгрөг, алтан медаль, өргөмжлөл,  аваргын малгай, аваргын подволк, аваргын аяга, аваргын түлхүүрийн оосор дагалдсан. Мөн Спрайт лигээ төлөөлөн Европ дахь Монголчуудын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээнд оролцох эрхтэй болсон юм.  Харин  "ДХИС-ийн CRM Шонхорууд" баг дэд аварга боллоо. Спрайт хөгжлийн лигийн хүрэл медалийн төлөө "Эрдэнэдрийлинг RIGS" болон "УБЦТС ХК" багуудын хооронд ширүүхэн тоглолт эцсийн мөчид  87:85 харьцаатайгаар  "Эрдэнэдрийлинг RIGS"  баг хожиж,  хүрэл медалийн болзлыг хангасан.  Энэ жилийн Спрайт хөгжлийн лигийн хамгийн үнэ цэнэтэй тоглогчоор аваргын цомыг хүртэхэд багийнхаа түлхүүр тоглогч байсан "Танан Импекс" багийн О.Ууганбаяр тодорсон байна. Ингээд таван сарын турш үргэлжилсэн Спрайт хөгжлийн  лиг амжилттай болж өндөрлөлөө. А.Алт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ