Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалт явагдаж байна. Тодруулбал, санал хураалт зургадугаар сарын 09-ний өдрийн 07.00 цагаас 22:00 цагийн хооронд улс орон даяар зохион байгуулагдана. Энэ удаагийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль цар тахал дотоодод тархсан онцгой нөхцөлд зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх, АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ, “Зөв хүн электорат эвсэл”-ээс нэр дэвшигч Д.Энхбат нар нэр дэвшин өрсөлдөж байгаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд зааснаар нийт сонгогчдын "50+1" хувийн санал авсан нэр дэвшигч шинэ ерөнхийлөгчөөр сонгогддог. Өөрөөр хэлбэл, өнөөдөр 50-аас дээш хувийн санал авсан нэр дэвшигч Монгол Улсын дараагийн Ерөнхийлөгчөөр сонгогдоно.
Тэгвэл энэ жил Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд санал өгөх насны 2 040 556 сонгогч саналаа өгөх юм. Иймд улсын хэмжээнд нийт 2087 сонгуулийн хэсгийн хороог байгуулжээ. Үүнээс Улаанбаатар хотод 457 хэсгийн хороо ажиллаж байна. Мөн энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд сонгогч саналаа өгсний дараа нэмэлт тэмдэглэгээ хийх аж. Сонгуулийн санал хураалт дуусгавар болж, дүн гарсны дараа гар тооллого шуурхай явуулах бөгөөд автоматжуулсан системийн саналыг дүнг гар тооллогын дүнтэй тулгана.
Цар тахлын нөхцөл байдлаас хамаарч өчигдөр “Улаан бүс”-д ажиллаж байгаа ажилтан албан хаагчид, эмчлүүлж байгаа иргэд зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар саналаа өгсөн. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар сонгогчийн санал авах ажиллагааг улсын хэмжээнд байгуулагдсан 2087 хэсгийн хороод зохион байгуулж ажилласан байна. Энэ ажил мэргэжлийн байгууллагуудын ажилтнуудын оролцоо, заавар зөвлөмжийн дагуу, нэр дэвшигчдийн болон төрийн бус байгууллагын ажиглалттайгаар өчигдөр 9.00-20.00 цагийн хооронд явагджээ. Мөн тавдугаар сарын 30,31-ний өдрүүдэд гадаадын 30 оронд 45 дипломат төлөөлөгчийн газраар дамжуулан гадаадад ажиллаж амьдарч байгаа сонгогчдоос санал авсан. Гадаадаас 5618 сонгогч саналаа өгчээ.
Ерөнхийлөгчийн сонгуулийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийг Азийн сонгуулийн байгууллагуудын холбоо (Филиппин Улсын Сонгуулийн төв комисс), Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институт, хүний эрхийн албаны Сонгууль ажиглах тусгай хороо, Бодлогод залуусын хяналт ТББ, Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн, Словак, Их Британи улсын иргэдийн төлөөлөл, ИБУИНВУ, АНУ, Австрали, Япон улсын Элчин сайдын яамд ажиглах аж.
Сонгуулийн Ерөнхий хорооноос өдрийн 12:00, 16:00, 20:00 цагуудаас ирцийн мэдээлэл хийнэ. Мөн 20.30 цагаас Төв комиссоос гадаад дахь сонгогчдын саналын хуудсыг СЕХ-нд хүлээлгэн өгч гадаадын сонгогчийн саналын хуудас тоолох ажиллагааны бэлтгэл хангана. Дүн ирэх, гадаадын санал тоолох 22 цагаас эхэлнэ.
Энэ удаагийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг 26,9 тэрбум төгрөгийн төсвөөр зохион байгуулж байна. Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгууль хоёр шаттай явагддаг. Эхний санал хураалтаар аль нэг нэр дэвшигч олонхийн санал авч чадахгүй бол хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигч хоёр дахь шатанд үлддэг. Ингээд Сонгуулийн ерөнхий хорооноос 14 хоногийн дотор шийдвэр гаргаж санал хураалтыг зохион байгуулна. Хуулийн дагуу сонгуулийн хоёр дахь шатанд гарах зардлыг улсын төсвийн нөөцийн хөрөнгөөс гаргана. Хэрэв хоёр дахь шатны сонгууль зохион байгуулагдвал 8 орчим тэрбум төгрөг зарцуулагдана гэсэн тооцоо судалгааг Сонгуулийн ерөнхий хорооноос гаргажээ.
Дэлхий нийтээр цар тахлын эсрэг тэмцэж байгаа. Цар тахлын нөхцөл байдлаас үүдэн эдийн засаг ихэд хүндэрсэн. Тиймээс энэ үед бүгд сонгуульдаа идэвхтэй оролцож, дахин сонгуульгүйгээр шинэ Ерөнхийлөгчөө сонгох хэрэгтэй байна.
М.Насан
Уншиж байна |