СЕХ-ноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран:
-Цар тахал дотоодод тархсан энэ үед сонгууль зохион байгуулж байна. Энэ удаагийн сонгуулиар сонгогч саналаа өгсний дараа нэмэлт тэмдэглэгээ хийнэ. "Улаан бүс"-д ажилллаж байгаа ажилтан албан хаагчид, эмчлүүлж байгаа иргэдийн сонгох эрхийг хангаж ажиллах талаар анхаарлаа. Засгийн газрын 152 дугаар тогтоол гарсан. СЕХ-ноос ажлын хэсэг гарч, даалгавар зааварчилгаа өгч ажиллалаа.
Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах ажил явагдаж байна. Улсын хэмжээнд 25620 иргэний саналыг авна. Эрүүл мэндийн болон бусад шалтгаанаар зөөврийн битүүмжилсэн хайрцгаар саналаа өгөх хүсэлт гаргасан 18 мянган иргэн байна. Харин цар тахлын онцгой нөхцөлд ажиллаж байгаа төрийн албан хаагчид, эмчлүүлэгчид, гэрээр тусгаарлагдаж байгаа иргэд 7100 иргэн байгаа.
Улаанбаатар хотод 457 хэсгийн хороо ажиллаж байна. Гадаадад байгаа иргэдээс санал авах ажлыг бид зохион байгуулсан. Цар тахлын энэ хүнд үед гадаадад байгаа сонгогчид идэвхтэй оролцсон. Цаашдаа гадаадад байгаа иргэд, оюутнууд, улирлын чанартай ажилладаг уул уурхайн салбарынхан зэргийн хүсэлтийг харгалзан, сонгогчдод цахимаар санал өгөх боломж олгох талаар Цахим бодлогын хороонд саналаа өгсөн.
Маргааш санал хураалт явуулахад бэлэн болсон. Сонгуулийн санал тоолох төхөөрөмжийн ил тод байдал, ажиллагааны зарчмын талаар сонгуулийн бэлтгэл ажлын үед олон нийтийн хүсэлтийн дагуу туршилт амжилттай хийсэн. Сонгуулийн санал хураалт дуусгавар болж, дүн гарсны дараа гар тооллогыг шуурхай явуулна. Автоматжуулсан системийн саналын дүнг гар тооллогын дүнтэй тулгана.
Улс төрийн намууд ажиглагчдаа бүртгүүлсэн. Гадаад улс орон манай сонгуулийг ажиглах сонирхол их байгаа. Манай сонгуулийг 11 гадаадын хэвлэл мэдээллийн байгууллага ажиглана. ЕАБХАБ-ын Ардчилсан институци, хүний эрхийн албаны сонгууль ажиглах хорооны 11 хүний бүрэлдэхүүнтэй, найман улсын төлөөлөл ажиглахаар ирсэн. Манай улсад суугаа гадаадын Элчин сайдын яамдын ажиглагчид оролцоно. Манай улсад биечлэн ирж байгаа ажиглагч Флиппинийн тусгай төлөөлөгчид юм хэмээв. Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Зөөврийн хайрцгаар санал хураалт явуулахад аюулгүй байдлыг хэрхэн хангаж байна вэ? Шинээр очсон хүмүүс гарвал яах вэ?
-7051 гэдэг бол хуулийн хугацаанд эцэслэсэн тоо. Санал хураах өдрөөс гурав хоногийн өмнө, долоо хоногийн өмнө гэсэн тооцоо. Зургадугаар сарын 6, 7-ны өдөр халдвар шинээр авсан иргэдэд очиж санал авах боломжгүй.
-Зарим иргэд цагаан санал өгнө гэж байна. Энэ талаар ямар байр суурьтай байна вэ?
-Цагаан санал өгнө гэж уриалж байгаа хүмүүс бусдынхаа эрхэнд халдаж байгаа асуудал. Бид Үндсэн хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлэх ёстой. Энэ нь сонгуулийн ажилд сөргөөр нөлөөлнө. Иргэд "цагаан сонголт" хийхгүй байх гэж сонгогчдодоо итгэж байна. Сонгуулийн ажил багагүй зардлаар бүтэж байгаа. Иргэдийг сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна.
Н.Нягт
Уншиж байна |