
“TLG13” ТББ, “М Си Эс Кока Кола” компанитай хамтран зохион байгуулдаг Спрайт хөгжлийн лигийн 2011-2012 оны улирлын аваргын цомыг Ц.Чинбат эзэнтэй, Ү.Давхарбаяр дасгалжуулагчтай, М.Дорждагва ахлагчтай “Танан Импекс” баг хүртлээ. Аваргын төлөөх цуврал тоглолтод “Танан Импекс”-ийн залуус 2:0 харьцаатайгаар өнгөрсөн жилийн аварга “ДХИС-ийн CRM Шонхорууд” багийг илт давуу буулган авсан. Цувралын эхний тоглолтонд 84:65 харьцаатайгаар хожсон бол хоёрдахь тоглолтонд 80:90 харьцаатайгаар ялалт байгуулж Спрайт хөгжлийн лигийн аваргын цомыг анх удаагаа гардлаа. Цувралын сүүлийн тоглолтонд “Танан Импекс” багаас Ц.Отгонсүх 18 оноо, О.Ууганбаяр оноо, М.Дорждагва 14 оноо авч шилдэг тоглолт үзүүллээ. Харин аварга “ДХИС-ийн CRM Шонхорууд” багаас н.Бат-Эрдэнэ 23 оноо, Б.Баянбат 17 оноо авч багаасаа шилдэг тоглолт үзүүлсэн ч баг хожигдож аваргын цомоо хамгаалж чадсангүй. Аваргын цомыг 5 сая төгрөг, алтан медаль, өргөмжлөл, аваргын малгай, аваргын подволк, аваргын аяга, аваргын түлхүүрийн оосор дагалдсан. Мөн Спрайт лигээ төлөөлөн Европ дахь Монголчуудын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээнд оролцох эрхтэй болсон юм. Харин “ДХИС-ийн CRM Шонхорууд” баг дэд аварга болсноороо Спрайт лигийн дэд аваргын подволк, мөнгөн медаль, өргөмжлөл, малгай, 3 сая төгрөгийн эзэн болсон байна.
Спрайт хөгжлийн лигийн хүрэл медалийн төлөө “Эрдэнэдрийлинг RIGS” болон “УБЦТС ХК” багуудын хооронд ширүүхэн тоглолт эцсийн мөчид 87:85 харьцаатайгаар “Эрдэнэдрийлинг RIGS” баг хожиж, хүрэл медалийн болзлыг хангасан. Спрайт хөгжлийн лигийн гуравдугаар байрын эзэн “Эрдэнэдрийлинг RIGS” багийн залуус 2 сая төгрөг, өргөмжлөл, хүрэл медаль, гарын бэлгийг хүртсэн.
Энэ жилийн Спрайт хөгжлийн лигийн хамгийн үнэ цэнэтэй тоглогчоор аваргын цомыг хүртэхэд багийнхаа түлхүүр тоглогч байсан “Танан Импекс” багийн О.Ууганбаяр тодорч өргөмжлөл, 100000 төгрөгийн эзэн болсон байна. Ийнхүү таван сарын турш үргэлжилсэн Спрайт лиг амжилттай болж өндөрлөлөө.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ