Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх өнөөдөр /2021.05.26/ Увс аймгийн иргэд сонгогчидтой уулзлаа.
Уулзалтын эхэнд нэр дэвшигч У.Хүрэлсүх “Монголын баруун хязгаарын үзэсгэлэнт сайхан байгаль, олон ястны өлгий нутаг, манай улсыг 44 жил удирдсан төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбал даргын төрсөн нутгийн зон олонтой уулзаж байгаадаа чин сэтгэлээсээ талархаж байна. Би улстөрчийн болон хувь хүнийхээ хувьд Ю.Цэдэнбал даргыг үргэлж хүндэлж явдаг. Агуу хүний бие барагддаг ч сэтгэл нь мөнх байдаг юм байна. Өнөөдөр ч Ю.Цэдэнбал даргын хийж бүтээсэн, хэлсэн ярьсан бүхэн нь дурсагдсаар байгаа. Залуу үеийнхэндээ хандаж хэлэхэд энэ агуу хүний хийж бүтээснийг үеийн үед дурсаж явах ёстой юм шүү” хэмээн онцлоод “Одоогоос 100 жилийн өмнө орчин цагийн төр бий болсон. 100 жилийн өмнө бид тусгаар тогтнолоо олж авсан. Д.Сүхбаатар, Д.Бодоо, С.Данзан, Х.Чойбалсан зэрэг эрэлхэг аавын хөвгүүд эх орондоо төрж, мэндэлж, дайтан тэмцэж байж тусгаар тогтнолоо олж авсан түүхтэй. Бидний өвөг дээдэс эх орныхоо төлөө цусаа урсгаж, их бүтээн байгуулалтын үед хөлсөө дуслуулж өдий зэрэгтэй улс бий болгосон. 1921 оны Ардын хувьсгал, 1939 оны халх голын дайн, 1945 оны чөлөөлөх дайнд бидний өвөг дээдэс оролцож, эх орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдлын төлөө халуун амь, бүлээн цусаа зориулсан. Иймд бид өвөг дээдэс, ахмадууддаа үеийн үед талархаж явах учиртай юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль ихээхэн онцлогтой цаг үед болж байна. Улсын маань тусгаар тогтнолын 100 жил, олон аймгийн түүхэн ой тохиож байна. Увс нутгийн сайхан аваргууд маань уулзалтад ирчихсэн сууж байна. Ардын хувьсгалын 100 жилийн баяр наадам сайхан болох байх гэж бодож байна. Салхитын мөнгөний ордыг улсдаа авснаар 230 мянган ахмадын тэтгэврийн зээлийг тэглэсэн. Зээлгүй ахмаддаа нэг сая төгрөг олгож байгаа. “Эрдэнэт” үйлдвэрийг төрийн өмчид авснаар ашиг шимээ 5 дахин өгч, өнөөдөр өрх бүрийн цахилгаан, дулаан, усны төлбөрийг төрөөс дааж байна. Бид баялагтаа эзэн байх ёстой” гэлээ. Нэр дэвшигчийн уулзалтын үеэр ахмадын төлөөлөл Чулуунбаатар ”Миний бие МАН-аас нэр дэвшиж байгаа У.Хүрэлсүхийн сонгуулийн сурталчилгаанд оролцож, үг хэлж байгаадаа баяртай байна. Бид хоёр цэргийн ангийн дээд, доод дамжааны сонсогч байлаа. Намайг гуравдугаар дамжаанд байхад У.Хүрэлсүх нэгдүгээр дамжаанд орж байсан. Би Сүхбаатар аймгийн 150 дугаар цэргийн ангид томилогдон ажилласан. 1989 онд миний ажиллаж байсан цэргийн ангид У.Хүрэлсүх ажилд орж байсан юм. У.Хүрэлсүх бол намын ажлыг багаас нь эхэлж, хэцүү үед нь орхиж яваагүй өдий хүрсэн хүн гэж боддог. Шударга бус үйлдлийг тэсэж чаддаггүй зан чанар нь цэргийн хүний ёс зүй юм. Улс орны нийгмийн хөгжил дэвшил, бүтээн байгуулалтын төлөө, ард түмний төлөө цохилох зүрхтэй, ядарсныг нь энэрэх, задарсныг нь дарж чадах хүн гэж үзээд та бүхнийг У.Хүрэлсүхийн төлөө саналаа өгөхийг уриалж байна” гэлээ.
Эх сурвалж: МАН-ын сонгуулийн төв штаб
Уншиж байна |