Тулааны урлагийн үнэ цэн ба өвдөлт анагаасан ТЭВРЭЛТ
2020-11-10

Тулалдахын өмнө тамирчин, танхим дүүрэн цугласан хүмүүсийг бүхэлд нь тойруулж харна. Дэмжихээр ирсэн найз нөхдөө олж хараад гар даллан инээмсэглэнэ. Нэгний инээд өөртөө итгэл дүүрэн цог золбоотой байхад өөр нэгнийх нь зориг дутуу ч юм шиг...

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Тулаан эхэллээ. Хүмүүс албаар нэгнээ зодож, хайр найргүй нүдэх. Үүнийг салгах байтал “Цохиод өг, ажиллаад өг” гэж танхим дүүрэн уухайлан дэмжих. Анх удаа тулааны тэмцээнийг хажуугаас, ийм ойроос үзэж суугаа надад лав энэ спорт айдас төрүүлэв. Ялсан тамирчны амжилтад баярлах биш. Харин ялагдсан тамирчны өвдөлтийг мэдрэх шиг болж шаналж суулаа.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

57 кг жинд цэнхэр булангаас Дундговь аймаг, Дэлгэрхангай суманд төрсөн. Бие хамгаалах урлаг Таеквондогийн төрлөөр 13 наснаасаа хичээллэж эхэлсэн. Өдгөө 22 настай. “Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар”-ын тамирчин Ц.Түвшинзаяа. Дасгалжуулагч багш нь Таеквондогийн спортын мастер Б.Хатанбаатар. Ц.Түвшинзаяагийн өрсөлдөгч 27 настай Б.Мөнхдэлгэр. Өвөрхангай аймгийн Гучин-Ус суманд төрсөн. 2016 оноос холимог тулаанаар хичээллэж эхэлсэн. МУГТ Ж.Нарантунгалаг түүний дасгалжуулагч багш.

 

 

Тулаан эхлээд удсан ч үгүй Ц.Түвшинзаяа өрсөлдөгчөө ялав. Толгойдоо дараалсан олон цохилт авсан Б.Мөнхдэлгэр түрхэн зуур манарч, унах нь уу гэлтэй хөл дээрээ тогтож ядан гуйвагнав. Тэмцээн хэдий нь дуусч ялагч шагналаа гардаж байхад Б.Мөнхдэлгэр сая сэргэж дахин тулалдах гэж өрөх ч тулаан хэдийн дууссан. Ялахын төлөө дэвжээнд гарсан ч ялагдсанаа бүүр түүрхэн мэдээд буух. Ингэж ухаанаа алдтал зодуулчихаад ялагдах мэдрэмж ямар байдаг бол. Харин нөгөө талд ШШГЕГ-ын тугаа нөмөрч, дүрэмт хувцасныхаа малгайг өмсөн уухайлах ялагчийн ялалт ямар амттай байгаа бол.


Ялагдсаныг өмөөрч, ялагчийг зэвүүцэх мэдрэмж төрөх ч тамирчдын тэмцээний төгсгөлийн тэр чин сэтгэлийн тэврэлт бүх өвдөлтийг нь анагаачих шиг санагдсан. Саяхан л хэн хэнээ ялахын төлөө хайр найргүй цохиж, зодож байсан хоёр тэврэлдээд инээхэд л тулааны урлагийн үнэ цэнийг мэдрэв.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Энэ бол Монголын тулааны шилдэг тамирчдын холбооноос өчигдөр /2020.11.09/  зохион байгуулсан “MGL-1FIGHT NIGHT” дөрөвдүгээр тулаан. Энэ удаагийн чансаа ахиулах тулаанд холимог тулааны 57 кг-ийн жингийн шилдэг найман тамирчин хасагдах журмаар тулалдан 2020 оны 57 кг-ийн жингийн аварга, бүсийн эзэн тодорлоо.

 

1.“Ширэн бээлий клуб”-ын М.Мөнхбат “Ирээдүй ММА”-ийн Ц.Лхагвасүрэнг 1-р үеийн 2’47”-д техникийн илт давуугаар ТКО ялалт.

 

2.“Шандас ММА”-ийн Б.Мөнхдэлгэр, ШШГЕГ-ын Ц.Түвшинзаяа нарын хооронд болсон хоёрдахь тулаан 1-р үеийн 1’28”-д өвдгөөр толгойд хүнд цохилт хийсэн Ц.Түвшинзаяагийн ялалтаар өндөрлөсөн. Ийнхүү Ц.Түвшинзаяа нь өрсөлдөгч дөрвөн тамирчнаа дараалан хүнд цохилт КО-оор ялсан амжилт үргэлжилж байна.

 

3.Багахангайн Б.Жанчивнямбууг “Golden star”-ийн тамирчин Б.Цэндсүрэн 1-р үеийн 3’20”-д ТКО буюу техникийн илт давуугаар буулган авлаа.

 

4.“Ширэн бээлий клуб”-ын  Ц.Отгонбаяр, “Шандас ММА”-ийн О.Сүхбат нарын дунд өрнөсөн 4-р тулаанд 2:1 шүүгчдийн саналаар Ц.Отгонбаяр ялалтыг авсан.

 

5.70 кг-ийн жингийн 2-т бичигдэх эрхийн төлөө “Ширэн бээлий клуб”-ийн Т.Содномдорж, Агаарын цэргийн 085-р ангийн Б.Золхүү нар өрсөлдөж, 1-р үеийн 3’33”-д Т.Содномдорж өрсөлдөгчөө боолт мэхээр буулган авснаар 70 кг-ийн жингийн 2-т эрэмбэлэгдлээ.

 

6.Оргил тулаан болох -93 кг-ийн жинд “Golden boxing gym”-ийн Г.Баяртогтох, Баянхонгорын тамрчин Т.Намнанбаяр нарын хооронд явагдсан бөгөөд 1-р үе дуусахад Т.Намнанбаярын ялалтаар өндөрлөлөө.

 

Энэ удаагийн тэмцээнээс шалгарсан 57 кг-ийн жингийн шилдэг 4 тамирчин арваннэгдүгээр сарын 23-нд ээлжит тулаанаа хийнэ.

 

Сонирхуулахад, 57 кг-ийн жингийн аваргыг 2012 оноос эхлэн шалгаруулсан бөгөөд “Шандас ММА”-ийн Р.Отгонтулга 2 удаа, “Монголын Жи Жиү Цүгийн Холбоо”-ны О.Пүрэв 1 удаа аварга болж байжээ.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Caption

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Pyaz:
foook u
2020-11-11
Зочин:
үүнийг спорт гэхэд хэцүү юм даа.
2020-11-10