Хамтдаа гүйцгээе: Гүйнэ гэдэг бясалгал
2020-10-29

 

 Хамтдаа гүйцгээе Хамтдаа алхацгаая клубээс зохиож буй “Дурсамж гүйлт 2020” 10 дугаар сарын 31-ний өдөр болно. Энэ гүйлтийг Отгонтэнгэр ууланд амь эрсэдсэн 17 уулчдад зориулан гурав дахь жилдээ зохиож байгаа билээ. “Дурсамж гүйлт-2020”-д гадаад дотоодын 200 орчим гүйгч тэднийг хүндэтгэн гүйнэ. Дурсамж гүйлтийг санаачлагч “Хамтдаа гүйцгээе” гүйлтийн клуб нь  2014 онд Улаанбаатар хотод анх удаа "Хамтдаа гүйцгээе" гэх аяныг санаачилсан юм. Үүнээс хойш тасралтгүй марафон, гүйлтийг зохиосон байна.

 

Хамтдаа гүйцгээе клубд эрүүл амьдралыг хэвшил болгохыг хүссэн хүн бүхэнд нээлттэй байдаг бөгөөд шинэ гишүүддээ тусалж, дэмжин уг спортыг дэлгэрүүлэхэд төр ба төрийн бус байгууллагатай хамтран олон нийтийн хөдөлгөөнийг өрнүүлэх, нийтийн биеийн тамирыг дэмжин анхан гүйгчдэд зөвлөгөө тусламж үзүүлэх, гадаадын болон дотоодын марафонд оролцоход дэмждэг аж. Иймд уг клубын үйл ажиллагаа, гишүүдтэй танилцаж тэдний гүйлт гэх спортод хөл тавьсан түүхтэй танилцлаа.

 

“Эрүүл мэндээ алдан байж олсон мөнгөө буцаагаад эрүүл мэндээ зарцуулдаг”

 

Д.Мөнхбаяр 51 настай гүйгч:

 

-Би долоо дахь жилдээ гүйж байна. Миний биеийн жин анх гүйж эхлэх үед 99кг байсан учраас жингээ хасъя гэж бодсон юм л даа.  Ер нь бүх хүн өв тэгш биеийн хөгжил, эрүүл зөв хэвшилтэй болох юм сан гэж боддог шүү дээ. Би тэдний нэг. Одоо би 81кг болсон. Гүйж эхэлснээс хойш амьдралын чанар дэвшээд л, зан ааш эерэг болж, сэтгэл санаа өргөгдсөн. Дараагийн том өөрчлөлт  нь тэвчээрт суралцаж байна. Гүйх замаа туулаад гүйлтийнхээ ард гарчхаар ер нь л хийхийг хүссэн бүхнийхээ ард гарч чадах мэт зориг, урам ордог юм. Энэ нь зөвхөн спортод тэсвэртэй байхад бус хийж буй бүхий л ажлынхаа ард гарах эрмэлзэлд нэвчүүлдэг. Мөн гүйх үед аливаа асуудлын шийдэл толгойд буудаг. Санаа зовоосон асуудлууд цэгцэрч, тархи сайхан амардаг.

 

Гүйж эхлээд 10км газар яаж гүйнэ дээ гэж боддог байлаа. Нэг л бэргэнэ. Гэтэл төд удалгүй 10км зайд гүйж, дараагаар нь хагас, бүтэн марафоны төрөл рүү орсон. Улаанбаатар марафонд гүйж эхэлсэн. Байгаль нуурын эрэг дээр болдог Чистий байкал марафонд хоёр жил дараалан оролцлоо. Эхний жил хагас марафонд, дараа жил нь бүтэн марафоны төрөлд оролцсон. Хүн тоглоом тоглох, найз нөхөдтэйгөө зугаацах зэрэгт хэчнээн л бол хэчнээн цагийг дэмий үрдэг. Үүний оронд өөртөө нэг цаг биш юм гэхэд 30 минут гүйгээд хэвшээсэй.

 

Хүмүүс мөнгө олохын төлөө ажил хийдэг. Харин тэр хугацаандаа туж амьдралын буруу хэвшилтэй байдаг хүмүүс олон. Тэр буруу дадсан хэвшил нь аливаа өвчний үндэс болдог. Ингээд л өнөөх олсон мөнгөө эрүүл мэнддээ зарцуулдаг шүү дээ. Тиймээс л гүйх нь тустай. Энэ бол эрүүл мэнддээ оруулж байгаа том хөрөнгө оруулалт юм. Хамгийн гол нь тогтмол байх хэрэгтэй. Хүн өглөө орой шүдээ угаадаг. Яг л түүн шиг энгийн хэвшил болго. Хэвшчихвэл бие организм цаанаасаа тэр зүйлээ хүсээд, нэхээд байдаг. Муухайгаар хэлбэл  хар тамхи шиг донтуулагчихдаг тийм хүчтэй нөлөөлдөг.

 

“Би гурван хүүтэй, тэдэндээ спортоор хичээллэ, амжилт гаргах албагүй гэж захидаг”

 

Ж.Элбэгсайхан гүйгч:

 

-Би дөрөв дэх жилдээ гүйж байгаа. “Ахиллис интернэшинл Монголиа” байгууллагын “Итгэл найдвар, боломж” гээд марафон тэмцээн есдүгээр сард болно гэсэн зар байсан. Энэ тэмцээнээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спорт хөгжилд зарцуулагддаг, гүйж хандив өгч болно гэсэн зар байсныг харсан. Тэрийг харчхаад 5 км зайд нь гүйгээд хандив өргөчихье гээд очсон. Анх гүйж байсан учраас шагнал энэ тэр огт бодоогүй. Тэнд очоод гүйдэг хүмүүстэй танилцаж, ярилцаж байтал янз бүрийн тэмцээн их болдог бололтой. Тэнд байсан хүмүүс ч бас тогтмол гүйдэг байсан. Тэр 5 км газар их л зовж гүйсэн, бахардаад л арай гэж дуусгасан. Тэр тэмцээний 21км зайд гүйсэн хүмүүс замаа дуусгасан гээд медаль аваад байсан юм. тэгэхээр нь дараа жил 21 км-т гүйгээд ийм медаль авна гэж бодсон. Тэр зун үе үе бэлтгэл хийж байгаад ирэх жилийнх нь 21км-т бүртгүүлээд гүйсэн. Замаа гүйсээр байгаад замаа дуусгаад барианд ортол “та хоёрдугаар байранд орлоо” гээд шагнал өгсөн. Нэгдүгээр байранд Америк хүн орсон юм билээ. Монголчуудаасаа би түрүүлчхэж гээд баяр төрж, урам ороод тогтмол гүйж эхэлсэн.

 

Би бага, идэр насандаа спортод их дуртай байсан. Гэхдээ хичээллэж чадаагүй. Гүйлт сонирхсон хүмүүст хоёр салаа зам байдаг. Нэг хэсэг нь шантраад больдог бол нэг хэсэг нь дурлаад шимтэн ордог. Харин би дурласан. Гүйсний дараа бие их гоё болдог. Шөнөжингөө ээлжид гараад ядарсан үедээ гүйчихвэл сэргээд ирдэг.

 

Гүйлтэд дурлаж эхлээд цахим орчинд байх бүлгүүдэд элссэн. Тэнд нэг хүн “гүйнэ гэдэг бясалгал” гэсэн байсан. Тэрнээс хойш гүйж байхдаа бясалгаад өөрт тохиосон хамгийн нандин, гэгээлэг үеүдээ боддог. Олон цаг гүйхэд бодол их сайхан цэгцэрдэг.

 

Монголдоо гүйдэг байснаа сүүлдээ ахиад гадаад дахь гүйлтэд оролцох болсон. Олон улсын марафоны заруудыг хардаг. 2018 онд Азидаа томд тооцогддог Сөүлийн марафонд оролцсон юм. мэргэжлийн тамирчин биш учраас байр эзэлнэ гэж горьдолгүй, өөрийнхөө амжилтыг хувьдаа тогтоож замаа дуусгах зорилготой явсан. Тэнд 42 км газар дөрвөн цаг хоёр минут гүйсэн. Энэ хол замын гүйлтийн замаа дуусгасан амжилтаа эвдэж дөрвөн цагаас бага хугацаанд гүймээр санагдаад налайхын замаар хот руу 42км гүйгээд цагаа хартал гурван цаг 51 минут гүйж Сөүлд тогтоосон амжилтаа эвдсэн. Хэдий 11 минутаар танагдсан ч бидэнд нэг минут байсан ч амжилт мөн.

 

Би гурван хүүтэй. Тэдэндээ ямар нэгэн спортоор хичээллэ. Заавал амжилт гаргах албагүй, зүгээр л дурла, сайн сонирхогч бай гэж захидаг. Ойр тойны 10 хүнийг бүр яг татаж оруулсан.

 

Хамтдаа гүйцгээе клуб жил бүр “Үзэсгэлэнт гүйлт”, “Богд уулын гороо” “Дурсамж гүйлт” тус тус тогтмол зохион байгуулдаг. Мөн Монголын хэт марафон гүйлтийн холбоо болон бусад гүйлтийн клубүүдтэй хамтран Улаанбаатар марафон, 6/12/24 цагийн гүйлтийн УАШТ зэрэг улсын чанартай гүйлт, марафоныг хамтран зохион байгуулах, дэмжин ажиллах, Сөүл марафон, Нью Йорк марафон, Чистий байкал марафон, Берлин марафон, Бостон марафон, Токио марафон зэрэг гадаадын марафонуудад сонирхон гүйгч, баг тамирчдаа дэмжин оролцуулсаар иржээ.

 

Э.Үүрийнцолмон

 

Shuud.mn
Сонин хачин