2019 оны дөрөвдүгээр сар. Дахин нэг улирал плэйоффыг өнжив. 2012 оноос хойш 7 дахь улиралдаа дараалан Лэйкерсийн удирдлагууд плэйоффыг дэлгэцээр үзэж, бусад багуудаас сулрах чөлөөт агент тоглогчдыг судалж өнгөрөөв.
2019 оны зургадугаар сарын 16. Удаан хугацаанд яригдсан Энтони Дэвисийн солилцоо биеллээ олж Лэйкерс түүний оронд Лонзо Болл, Брэндон Инграм, Жош Хартыг драфтын 3 эрхийн хамтаар өгөхөөр тохиролцлоо. Ингэснээр Леброн Жеймс, Энтони Дэвис гэсэн шилдэг хослол бүрдсэн боловч тэдний цаана Кузмаг оролцуулаад 2-3 хан л тоглогч үлдэхээр байв. Санхүүгийн хувьд цент бүрийг сайтар тооцоолохгүй бол шилдэг хослолтой ч сайн баг бүрдүүлэх боломж хязгаарлагдмал байв.
2019 оны зургадугаар сарын 17. Дэвисийг авах тохироогоо бат болов. Гэвч Роб Пелинкагийн толгойн өвчин дууссан биш дөнгөж эхэлж байсан юм. 64 саяын цалинтай хоёр тоглогчийн дэргэд үлдсэн 60 саяад аварга авах хэмжээний туслахууд бэлдэх ёстой байлаа. Гэтэл сайн тоглогчид дунджаар 15-20 саяыг авч байдаг. Гуравхан сайн тоглогчийн мөнгө, гэтэл 13 тоглогч авах шаардлага үүссэн байв.
2019 оны 7-р сарын 5. Энтони Дэвисийн солилцоо албан ёсных боллоо. 20 хон хүлээж байж хийгдсэн шалтгаан нь цалингаа суллах байв. Дэвис нэмэлт урамшууллаасаа татгалзаж, Лэйкерст сайн баг бүрдүүлэх боломж өгөв. Дахиад нэг сайн тоглогч авах зай үлдсэн ч ихэнх тоглогчид шинэ гэрээгээ үзэглэчихсэн байлаа.
2019 оны 7-р сарын 6. Дэвисийн солилцоо албан ёсоор болсноос хэдхэн цагийн дараа Клипперс том мэдэгдэл хийв. Тэд өнгөрсөн плэйоффт шалгарсан бүрэлдэхүүн дээрээ Кавай Леонард, Пол Жорж гэсэн сүпер хослолыг нэмж чадсан нь Жерри Уэстийн ухаан байлаа. Лэйкерс биш Клипперс дээр бооцоо тавьж эхлэв. Шалтгаан нь Лэйкерс бүрэлдээгүй байсан бол Клипперс бүтэн баг дээрээ хоёр сүпер од нэмсэн байв.
2019 оны 7-р сарын 31. Лэйкерс хоёр сарын өмнө шинэ дасгалжуулагчаараа Фрэнк Вогелийг сонгосон байв. Харин түүний багт ахлахын эрэмбэтэй Жэйсон Киддийг нэмсэн нь мэргэжилтнүүдийн дунд хардлага төрүүлэхэд хүргэв. Хэрэв Фрэнк Вогел улирлын эхэн хэсэгт бүтэлгүйтвэл түүний ажлыг авах хүнийг шууд бэлдчихлээ гэж Киддийг авсан үйлдлийг тайлбарлаж байв.
2019 оны 8-р сарын 15. Лэйкерс багаа бүрдүүлээд амжсан байсан ч гараанд гаргахаар төлөвлөж байсан Демаркус Казинс бэлтгэл дээр гэмтэж, бүтэн жил тоглохгүй нь тодорхой болов. Хүчтэй баг бүрдүүллээ гэж бодож байсан ч дахин нэг том сул орон зай гарав. 10 хоногийн дараа Лэйкерс Дуайт Ховардтай гэрээ байгуулав. Гэхдээ Ховард муу байвал багаас хасах төлөвлөгөөтэйгөөр баталгаат бус гэрээ хийв.
2019 оны 10-р сарын 22. Нээлтийн үдэш. Лэйкерс – Клипперс. Цоо шинэ хоёр баг, хоёр аваргын цом горилогч. Энэ үдэш Клипперсийнх болов. Лэйкерс ажиллах шаардлагатай, нэг баг болоход дутуу гэдэг нь тодорхой байв.
2019 оны 12-р сарын 25. Зул сарын өдөр. Клипперс – Лэйкерс. Хоёрдахь учраа. Гэмтлээсээ эргэн ирсэн Кайл Кузмагийн онцгой тоглолт тоглолтын эхний хагаст багтаа тэргүүлэл авчирсан ч тоглолтын ялагч нь Клипперс хэвээр байв.
2020 оны 1-р сарын 26. Лэйкерсийн домогт тоглогч Коби Брайнт нисдэг тэрэгний ослоор амиа алдлаа. Сагсан бөмбөгийн ертөнц төдийгүй, дэлхий нийтийг уй гашууд автуулсан эл ослын улмаас Лэйкерсийн тоглолтыг лигийн зүгээс хойшлуулав. Тоглогчид тоглох нь бүү хэл, утсаар ярих сэтгэлийн тэнхэлтэй хүн байсангүй.
2020 оны 2-р сарын 1. ЛА Лэйкерс баг Коби Брайнт, Жианна Брайнтад хүндэтгэл үзүүлэх тоглолтоо Портлэнд Трэйл Блэйзерсийн эсрэг хийв. Нулимс дуслуулан талбайд гарсан тоглолтод Блэйзерс яллаа. Лэйкерсийн фенүүдийн сэтгэл гонсгор үлдэв. Ялагч Кобид ялалтаар бэлэг барьж чадаагүйд гомдолтой байв. Клипперс, Бакс цом горилогч фаворит баг гэж үнэлэгдэж байлаа.
2020 оны 2-р сарын 22. Лэйкерст дахин хүч хэрэгтэй нь тодорхой байв. Хэдий тэдэнд Дуайт Ховард, Жавал МакГий гэсэн самбарын өндөр тоглогчид байсан ч, Энтони Дэвис Леброн Жеймстэй жижиг тавтыг бүрдүүлэхэд самбар Кайл Кузма жулдаж байв. Энэ үед чөлөөт агент болсон Маркифф Моррисыг авахын тулд Демаркус Казинсыг багаасаа хассан юм. Аварга багийг бүрдүүлэх кубик шооны сүүлчийн дөрвөлжин энд ирсэн юм. Энтони Дэвисийг төвд тоглуулах үед Кузма биш, Леброн биш Моррис түүний хажууд байх нь Кузма болон Леброныг самбарт санаа зоволгүй, премитер хамгаалалтдаа анхаарал хандуулах боломжтой болов. Кузмагийн тоглолт энэ цагаас хойш эрс сайжрах болов.
2020 оны 3-р сарын 4-9. Долоо хоногийн хугацаанд Филадельфиа 76, Милуоки Бакс, Лос Анжелес Клипперс гэсэн гурван том өрсөлдөгчтэй нүүр тулав. Эдгээр 3 тоглолтоос 3 хожилтой гарч ирсэн нь фенүүдийн хувьд итгэл найдвар илт төрүүлэх болов. Лэйкерсийн цом горилогч гол баг болж эхэллээ.
2020 оны 3-р сарын 12. Лэйкерсийн гайхалтай 7 хоногийн араас аюулын харанга дэлдлээ. Рүди Гобер коронавирус туссан нь тогтоогдсоноор лигийг тодорхойгүй хугацаагаар зогсоох шийдвэр гарав. Үргэлжлэх эсэх нь ч тодорхой бус байлаа. Лэйкерсийн аварга авах магадлалтай улирал салхинд хийсэхэд ойрхон байв.
2020 оны 5-р сарын 15. Лэйкерс лигээс өгсөн зөвлөмжийн дагуу бэлтгэлийн заалаа нээлээ. Тоглогчид бөөнөөрөө биш, нэг нэгээрээ бэлтгэл хийх боломж бүрдэв. Леброн Жеймс энэ үед багийнхныхаа хамт нууц бэлтгэлийг зохион байгуулсан тухай мэдээлэл тарсан ч баталж чадаагүй юм.
2020 оны 7-р сарын 30. NBA-н улирал эргэн ирлээ. Орландогийн бабблд 22 баг хүрэлцэн ирж, хорио цээрийн дэглэм дор тоглох болов. Лэйкерс 8 тоглолтоос ердөө 3 хожил авлаа. Бабблд ирсэн 22 багаас хамгийн муу шидсэн багаар Лэйкерс тодорч байв.
2020 оны 8-р сарын 19. Портлэндтэй хийсэн цуврал эхэлж, эхний тоглолтод 100-93 харьцаатай хожигдов.
2020 оны 8-р сарын 26. АНУ-д гарсан арьс өнгөний үзлийн эсрэг тэмцэл Орландогийн баббл дотор өрнөв. Милуоки Бакс баг плэйоффын тоглолтыг бойкоттлосноор NBA-н улиралд ахин нэг удаа зогсох аюул нүүрлэлээ. Тоглогчид бабблыг орхин гарч, жагсаалд оролцохыг уриалж байв. Лэйкерсийн цом горилсон улирал дахин нэг удаа зогсох шахав. Учир нь бабблыг орхин гаръя гэсэн санал энэ удаад Леброн болон Лос Анжелес Лэйкерс багаас гарсан байв.
2020 оны 8-р сарын 30. Блэйзерстэй хийсэн цувралд 4-1 ээр ЛА Лэйкерс баг хожлоо. Эхний шатанд Лэйкерстэй таарах хамгийн эвгүй учраа гэж тодорхойлж, зарим шинжээчид Блэйзерсийг ялна гэж таамаглаж байсан ч цуврал Лэйкерсийн талд шийдэгдэв.
2020 оны 9-р сарын 13. Хоёрдугаар шатанд Рокетстой таарч тоглоод эхний тоглолтдоо мөн л хожигдов. Гэвч тоглолтоос тоглолтод Лэйкерсийн хамгаалалт нягтарч, 5 тоглолтод цувралыг дуусгалаа. Расселл Уэстбрүүк, Жеймс Харден гэсэн хослолыг үгүй хийв
2020 оны 9-р сарын 27. Бүсийн аваргын төлөө Денвер Наггетстай таарч тоглов. Клипперсийг хожсон Наггетс амархан өрсөлдөгч биш гэдэг нь тодорхой байв. Гэвч цуврал мөн 4-1 ээр дуусав.
2020 оны 10-р сарын 1. Бүтэн жил үргэлжилсэн NBA-н улирал дуусах дөхөж, эцсийн шатандаа ирлээ. Таамгыг эвдэн гарч ирсэн Майами Хит багтай аваргын цомын төлөө өрсөлдөв. Өнөөдрийн байдлаар тэд цувралд 3-1 харьцаатай илүүрхэж явна.
2020 оны 10-р сарын 10 (орон нутгийн цагаар) Шигшээ цувралын 5 дахь тоглолт явагдах үдэш. Лэйкерс Коби Брайнтын хүндэтгэлд зориулсан “Black Mamba” өмсгөлөө өмсөж тоглоно.
NBA-н түүхэнд хамгийн урт удаан үргэлжилсэн 2019-20 оны улирал шувтрах шатандаа орлоо. Лэйкерсийн хувьд түүхэнд тэмдэглэх онцгой улирлын аварга багаар шалгарахад ганцхан хожил л дутуу байна. Дэлхий нийтийг нөмөрсөн цар тахал нэг удаа, АНУ-ын нөмөрсөн арьс өнгөний үзлийн эсрэг тэмцэл нэг удаа лигийг зогсоох шахсан бол Демаркус Казинс гэмтсэн, Вогел удахгүй халагдана гэсэн таамаг, Кузмагийн хүлээлтэд хүрэхгүй тоглолт гээд олон сорилт энэ хугацаанд болж өнгөрсөн юм. Гэвч Лос Анжелес Лэйкерс баг бүхнийг даван туулсаар аваргын цомыш өөрсдийн болгоход ганцхан хожил дутуу болж ирлээ. Энэ цом тус багийн хувьд 17 дахь цом нь байх боловч “Коби Брайнт”-д зориулсан цом гэдгээрээ түүхэнд үлдэх болно.
“Kobe this is for you”…
Б.Ялалт