С.Минжин: Монголын архитектурууд бүтээлээ дэлхийд үнэлүүлсэн

“Монголын архитектур өнөө цагт-2020” үзэсгэлэн Blue Mon-ийн “Norphei Art Gallery”-д нээлтээ хийжээ. Энд Монголын үе үеийн шилмэл архитектурын зураг, дизайныг ханандаа өлгөсөн байв. Түүх, соёлын, орчин үеийн архитектурын бүтээл болон шинэ санаа шилдэг бүтээлүүдийн хүрээнд үзэсгэлэнгээ дэлгэсэн аж. Уг үзэсгэлэн 10 дугаар сарын 5-7-ны өдрийн хооронд үргэлжилнэ.
Үзэсгэлэнгийн эхний өдөр Дэлхийн Монголчууд ТББ-ын тэргүүн доктор, профессор О.Нямдаваа “Их Монгол улс түүний бүрэлдэхүүн улсуудын хотууд, дэлхийн Монголчууд” сэдвийн хүрээнд уулзалт ярилцлагыг зохиосон бол хөтөлбөрийн хоёр дахь өдөр “Хотжилт ба инноваци” сэдвээр Хотын засаглалын мэргэжилтэн Л.Ану-Үжин ярилцана.
Харин 10 дугаар сарын 07-ны өдөр “Иргэдийн оролцоо-хот байгуулалт” сэдвээр Олон улсын хот байгуулалтын шилдэг мэргэжилтэн шагналт Ц.Энхбаяр нээлттэй ярилцлага өрнүүлэх юм. Үзэсгэлэнд ирэгсэд хананд өлгөсөн зургийг нухацтай харахаас гадна эртний нарийн ур, хийцийн зургийг дарж байлаа. Мөн ШУТИС-ийн тус салбарт хөл тавих гэж буй оюутнууд үзэж байв. Тэдэнд тайлбар өгч, илүү гүнзгий ойлгоход нь тусалж буй “Их эзэн Чингис хааны музей галерей” сангийн архитектур, докторант С.Минжингийн дотоодын архитектурчдын үнэлэмжийн талаар сэтгэгдлээ хуваалцсан юм.
-Би Монголдоо ажиллаж байгаагүй. Өвөл цар тахлын хорионоос хойш дотооддоо мэргэжлээрээ ажиллалаа. Шанхайд байх үед Монголын архитектурууд яригддаггүй байсан. Харин Монгол архитектурын түвшинг энд ирсэн хойноо дүгнэсэн. Судлаад үзэхээр Монгол гэр, сүм, дуганы талаар ярьдаг. Харин зөвхөн энэ харагдах өнцгөөс гадна Монголчууд их юм хийдэг юм билээ. Шинээр сэтгэж, дэлхийн түвшинд гарахуйц санагдсан. Энэ нь мэдрэгддэг.
Олон жилийн туршлагатай, мундаг архитектурууд байдаг. Үүнийг бид мэддэггүй байсан. Тэдний бүтээлүүдээс өнөөдөр энэ үзэсгэлэндээ дэлгэлээ. Энд дэлгэгдсэн бүтээлүүдээс харахад Монголын эртний архитектур дэлхийд гайхагддаг бүтээлүүд байгаа юм. Бид үүнийг мэддэггүй нь түүхээ судалдаггүйнх биз. Монгол Улсын архитектурууд бүтээлээ дэлхийд үлдээчихсэн бас үнэлүүлчихсэн. Дэлхийн урчуудын хийсэн, бүтээсэн санаа сэдлийн үндэс нь Монгол хүн байсан юм шүү гэдгийг дэлхийн бусад улс орнууд мэдэж байхад бид өөрсдөө мэддэггүй нөхцөлд байна. Өнөөдөр гарч буй үзэсгэлэнгийн бас нэгэн зохиолго нь түүхээ сэргээх, түүнийг сэргээн засварлах юм. Яагаад эрт цагийн хүмүүс илүү үнэлэгдэж байна вэ гэхээр тэр үед техник технологи хөгжөөгүй гар урлалаар бүхнийг сийлж, урладаг байсанд үнэ цэн нь оршдог байсан юм хэмээлээ.
Мөн энэ үзэсгэлэнгийн үеэр нэгэн самбарт Хархорум хотын 800 жилийн ой XIII зууны эзэнт гүрний нийслэл Хархорум-Гол мод-2 “Их хаадын заллага” аяллын хөтөлбөрт самбар байв. Түүнийг “Их эзэн Чингис хааны музей галерей” сангийн гүйцэтгэх захирал Б.Батмөнх тайлбарлахдаа:
-Энэ бол мэргэжлийн археологич, судлаач, түүхчдийн зонхилсон судалгааны зориулалттай аялал юм. Энэ жилийн хамгийн сүүлийн аялал гэдэг утгаараа сонирхсон ард иргэддээ хамт явж аялж болно шүү гэдгийг сонирхуулахаар энэ самбараа тавьсан юм. Бидэнтэй хамт явснаар илүү нарийн түүхэн судалгаа шинжилгээг судлаач шинжээчдээс нь сонсож мэдэх боломжтой. Сонирхсон иргэд өөрсдийн хувийн зардлаа гаргаад явахад болно. Энэ жид зургаа дахь удаагаа аялах гэж байна. 10 дугаар сарын 23-25-ны хооронд явна гэлээ.
Э.Үүрийнцолмон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ