Занабазарын музей: Үзмэрүүд “АМИЛСАН НЬ”

Занабазарын музей: Үзмэрүүд “АМИЛСАН НЬ”

Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд 2019 онд VR гэх технологи нэвтэрсэн. Эл музейд үзэхэд цагаан дарь эх, бараар тамгалж зурсан шашны бүтээлүүд гээд эртний олдворын сан хөмрөгийн үзмэрүүд байдаг. Харин өнөөдөр энэ музейд технологийн шинэчлэл хийгдэж, үзмэрүүдийг “амилуулжээ”. Нүд хужирлаж, сонирхол татсан тэрхүү дэвшлийг танд ч бас танилцуулъя.

 

Занабазарын музейн танхимд байх үзмэрийн баруун доод буланд нь “AR” гэсэн тэмдэглэл болон нүдний шилний зураг байлаа. Үзэгчид эл музейгээр аялахдаа уг нүдний шилийг зүүнэ. “Шидэт” нүдний шилний цаанаас музейн үзмэрүүд “амилж”, элэгдэж хуучирсан хувцастай төө хэрийн биетэй модон хүүхэлдэйнүүд энэ музейд ирсэн зам болон үүх түүхийг харуулна. Энэ үзмэрийг бичлэг, дуу хоолой, бичвэрээр баяжуулжээ.

 

Энэ “шидэт” шил тухайн үзмэрийг нарийвчлалыг өөрөө удирдан татаж томруулж үзэх боломжтой юм байна. Тухайн үзмэр байх хэсэгт газрын зураг гарч ирэв. Төв аймгийн Заамар сумын тодорхой нэгэн нутгийн хэсэгт заалаа. Тухайн үзмэр тэр хэсгээс олдсон гэдгийг харуулж байгаа нь энэ. Үүний дараагаар видео бичлэг гарч  үзмэрийн тайлбар дэлгэрэнгүйг харуулна. Хүүхэлдэйн хуучирч элэгдсэн хувцасны торго, өнгө загвар нь тодорч өнгөжлөө.

 

Үүний дараа газрын гүнээс зургаан метрийн гүнд зохион байгуулалттай гурван хэмжээст бунхан байсан тухай мэдээллийг өгсөн юм. Бунхнаас ямар байдлаар үзмэрүүд олдсон тухай гэрэл зургууд гарч ирэв. Олдворууд ямар утга учиртай болохыг тайлбарлахдаа тухайн олдвор VII зууны Түрэгийн үед амьдарсан Уйгар угсааны цэргийн жанжин хүнд зориулан бунхныг босгож түүний зарц, шивэгчин, хамгаалагчдыг орлуулж урласан хүүхэлдэй гэх.

 

Энэ бол AR буюу (Augmented Reality) гэх ухаалаг нүдний шил аж. Энэ шилний тусламжтайгаар Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн 30 гаруй үзмэрийг ийн үзэх боломжтой болжээ.

 

Энэ технологийг нэвтрүүлэх төслийг санаачилсан, музейн ажилтан Б.Намуун “Энэ технологи нь байгаа орчин дээр нэмэлт мэдээлэл гаргаж өгдөг. Илүү танин мэдэхүйн шинж чанартай юм. Шил нь өндөр үнэтэй. Тиймээс дөрвөн шилийг төслийн хүрээнд орууллаа. Танхим болгоноосоо гурав, дөрвөн үзмэрийг сонгон 30 гаруй үзмэрт энэ технологид нэвтрүүлсэн. AR  технологийн утасны апликэшн гэж байдаг ч Монголд нэвтэрсэн нь бага хэмжээний дата мэдээллийг агуулдаг юм.

 

 

Бидний оруулж ирсэн ухаалаг технологийн шил нь утасны апликэйшнг бодвол илүү их хэмжээний дата мэдээлэл агуулдаг. Монголд анх удаа нэвтэрч байгаа юм. Ялангуяа үзвэр, музейн салбарт анхдагч юм. Бусад улс оронд ухаалаг нүдний шилийг Америкийн орчин үеийн музей, Япон улсын музейд байдаг. Хөгжингүй улс орнуудад нэвтэрч байгаа ч манай музей шиг танхим бүртээ үүнийг таниулаагүй. Зөвхөн нэг уран бүтээлчийн үзэсгэлэнд эсвэл тодорхой нэг танхимд л таниулсан” гэлээ.

 

Монголын урлагийн зөвлөлөөс өв соёлын өвийг хадгалж хамгаалах, түгээн дэлгэрүүлэх зорилготой төслийн тэтгэлгийн уралдааныг 2020 оны нэгдүгээр сард зарлагдсан уралдаанд 30 байгууллагын 35 төсөл ирснээс уг төсөл тэргүүлж 30 сая төгрөгийн санхүүжилтийг авсан байна.

Э.Үүрийнцолмон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

sayan:
waaow ochij vzie baiz tiim goyiinmuu
2020-10-02