Английн хөлбөмбөгийн шигшээгийн домогт довтлогч Гари Линекер ВВС телевизийн “Match of the Day” нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажилладаг билээ. Тэрбээр мөн FA Cup тэмцээний сурвалжлага, Английн шигшээгийн тоглолтууд, “BBC Sports Personality of the Year” шоунд ажилладаг. Гари Линекер тус телевизтэй байгуулсан гэрээгээ 2025 он хүртэл сунгаж, цалингаа 23 хувиар бууруулахыг зөвшөөрчээ.
"Би ВВС-д ажиллах дуртай, тэдний уран бүтээлийн шилдэг багтай цаашид үргэлжлүүлэн ажиллах болсондоо байртай байна" хэмээн 59 настай Линекер өгүүлэв. Мөн "Ирэх таван жилд Европийн болон Дэлхийн АШТ биднийг хүлээж байгаа. Манай хамтран зүтгэгчид эдгээр сайхан тэмцээнийг хүлээн авахад бэлэн байна" гэлээ. Линекер 1999 оноос хойш ВВС-д ажиллаж байгаа юм. Харин хөлбөмбөгчний хувиар “Лэстер Сити”, “Эвертон”, “Барселона”, “Тоттенхэм”, “Нагоя Грампус Эйт” багуудад хүчин зүтгэж, Английн шигшээ багт 80 удаа тоглосон байна.
М.Бүүвэй
Уншиж байна |