Бөмбөгтэй хоккейн ДАШТ-ийг цуцалжээ
2020-09-17

 

Олон улсын бөмбөгтэй хоккейн холбоо аравдугаар сарын 5-11-нд ОХУ-ын Эрхүү хотод болох байсан А зэрэглэлийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг цуцлах болсноо зарлалаа.

 

Тус тэмцээнийг гуравдугаар сарын сүүлчээр анх явуулах төлөвлөгөөтэй байсан ч коронавирусын цар тахлын улмаас хойшлуулжээ. Гэвч өнөөг хүртэл нөхцөл байдал дээрдээгүй тул ийм шийдвэрт хүрсэн байна. Сүүлчийн хоёр жилийн ДАШТ-ий мөнгөн медальт Швед болон Герман, АНУ-ын багууд эн удаагийн тэмцээнд оролцох боломжгүйгээ өнгөрөгч сард мэдэгдсэнээр ОХУ, Казахстан, Финланд, Эстон, Норвег гэсэн тавхан орны шигшээ баг үлджээ. Харин Б зэрэглэлийн ДАШТ гуравдугаар сарын эхээр Эрхүүд болж, Монгол Улсын баг дөрөвдүгээр байрт шалгарсан билээ. Манай хоккейчид хэсэгтээ дөрөв хожиж, нэг ч хожигдолгүйгээр тэргүүлсэн боловч Украин, Словакийн багт хожигдон медалиас мултарчээ.

Ц.Ганбат

Shuud.mn
Сонин хачин