Английн хөлбөмбөгийн Премьер лигийн шинэ улирал эхлээд гуравхан хонож байна. Коронавирусын цар тахлын улмаас энэ удаа хөлбөмбөгийн наймаа шилжилт багасаад байгаа бөгөөд хамгийн идэвхтэй оролцсон нь Лондоны “Челси” клуб юм.
Тэд Германы Тимо Вернер (47,7 сая), Кай Хавертц (72 сая), Бразилийн Тьяго Силва (үнэгүй), Английн Бен Чилуэлл (45,2 сая), Мароккийн Хаким Зиеш (36 сая) нарыг багтаа 201 сая фунт стерлингээр худалдан авчээ. Премьер лигт улирлын хамгийн үнэтэй зургаан наймааны дөрвийг нь, тэр тусмаа эхний гурвыг “Челси” дангаараа хийгээд байна. Өндөр үнээр ирсэн, өнөө цагийн хөлбөмбөгийн ертөнцийг чимж буй эдгээр тоглогчдын цалин пүнлүү ч чамгүй байх бололтой. Германы залуу авъяастан Кай Хавертц долоо хоногт 310 мянган фунтын цалингийн гэрээ байгуулсан нь Премьер лигт гуравдугаарт орох үзүүлэлт болж байна.
Харин түүний нутаг нэгт довтлогч Тимо Вернер долоо хоногт 270 мянгыг халаасалж, лигт зургаад бичигдэх болжээ. Премьер лигийн өндөр цалинтай хөлбөмбөгчдийн тэргүүнд “Манчестер Юнайтед”-ийн хаалгач Давид Де Хеа (375 мянга), удаад нь “Манчестер Сити”-гийн Кевин Де Брюйн (320,833), “Челси”-гийн Кай Хавертц (310 мянга), “Манчестер Сити”-гийн Рахим Стерлинг (300 мянга), “Манчестер Юнайтед”-ийн Поль Погба (290 мянга), “Челси”-гийн Вернер нар орж байгаа юм. Та бүхэнд “Челси”-гийн тоглогчид дундаас хамгийн өндөр цалин хүртдэг 10 залууг сонирхуулья (зураг дээр).
М.Бүүвэй
Уншиж байна |