“Мазаалайнууд” “Андууд Сити”-г 2:1-ээр хожив
2020-09-14

Монголын хөлбөмбөгийн холбооны Дээд лигийн 15-р тойргийн тоглолт амралтын өдрүүдэд явагдлаа. Энэ тойрогт лигийг тэргүүлэгч багууд бүгдээрээ оноо алдсан бол “Улаанбаатарын Мазаалайнууд” өрсөлдөгч “Андууд Сити”-г 2:1-ээр хожиж гол сенсаацыг тарив.

 

 

“Мазаалайнууд”-ын довтлогч А.Чойжамц тоглолтын 39 дэх минутад гоол оруулаад байсан бөгөөд улмаар тоглолтын төгсгөлд хожлын гоолыг мөн хийжээ. Лигийг өнгөлж яваа “Хангарьд”-“Атлетик 220”-ын тулаан эвийн гэрээгээр өндөрлөв. Тоглолтын 754 дэх минутанд “Хангарьд”-ын С.Ганхуяг торгуулийн цохилтоор гоолдож тэргүүллийг авсан ч түүнээс хоёрхон минутын дараа “Атлетик”-ийн Д.Төрбат тэнцүүлсэн байна.

 

“Дэрэн”-гийн залуус “Хаан хүнс-Эрчим”-ийг 2:1-ээр хожиж хүснэгтийн байрлалаа ахиулах мөрөөдлийг нь үгүй хийв. “Дэрэн”-гээс Ц.Далайцэрэн, О.Мөнх-Оргил нар гоолын самбарт нэрээ бичүүлж, “Эрчим”-ийн хашир тоглогч Н.Цэдэнбал торгуулийн цохилтоос гоол оруулжээ. Г.Баттулга, Э.Мөнх-Эрдэнэ, М.Жансерик нарын гоолоор “СП Фалконс” баг “Улаанбаатар Сити”-г 3:1-ээр хожлоо. Харин “Улаанбаатар”-“Сумида Жипро”-гийн тоглолт өрсөлдөөнтэй болж 3:2-оор “Улаанбаатар” давамгайлав. Дээд лигийн 16-р тойргийн тоглолт есдүгээр сарын 18-ны баасан гаригт эхэлнэ.

Ц.Ганбат

 

 

Shuud.mn
Сонин хачин