Азийн хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Шэйх Салман Бин Халифагийн шууд дэмжлэгтэйгээр нийслэлийн 79-р сургуулийн талбайг шинэчлэх ажил амжилттай хэрэгжиж, өчигдөр талбайн нээлтийн үйл ажиллагаа боллоо.
Өсвөр насны хүүхэд багачуудын хөл бөмбөг тоглох 20х50 метрийн хэмжээтэй талбайгаас гадна хувцас солих байр барьж дуусган, 2020-2021 оны хичээлийн шинэ жилээс өмнө нээлтээ хийв. Нээлтийн үйл ажиллагаанд Монголын хөлбөмбөгийн холбооны хамт олон, дасгалжуулагч нар, 79-р сургуулийн багш, сурагчид, гүйцэтгэгч компанийн төлөөлөгчид оролцлоо. Талбайг нээж тууз хайчилснаас гадна МХБХ-ны багш дасгалжуулагч нар 79-р сургуулийн хүүхэд багачуудад зориулан “Грассрүүтс” арга хэмжээг зохион байгуулсан юм. Мөн уг талбайг шинэчлэхэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан АХБХ-ны ерөнхийлөгч Шэйх Салман “79-р сургуулийн талбайг шинэчилсэн нь АХБХ хөлбөмбөгийн хөгжлийн төлөө тивийн хэмжээнд анхаарал хандуулан ажилладгийг харуулж буй явдал болж байна.
Энэхүү талбай дээр болсон эмгэнэлт явдлын талаар би сонссон. Тэр жаахан хүүг буцаан авчрах боломжгүй ч түүнийг санан дурсаж, сургууль, нийгмийн хүрээнд хүүхэд багачуудын аюулгүй байдлыг ханган ажиллах дохио болсон” хэмээн захидал ирүүлсэн байна.
Ц.Ганбат
Уншиж байна |