Азийн боксын холбоо (ASBC)-ны удирдах зөвлөл саяхан онлайнаар хуралдаж Энэтхэг улсад зохион байгуулахаар төлөвлөсөн Азийн АШТ-ийг 2021 онд болгохоор хойшлуулав.
Тус тэмцээний эрхийг өнгөрөгч хоёрдугаар сард Энэтхэг улсад олгож, оны сүүлчээр явуулах чиглэлийг өгсөн. Харамсалтай нь коронавируст цар тахлын улмаас спортын олон уралдаан тэмцээнийг цуцалж хойшлуулж буйн адилаар ийнхүү дараа жил рүү шилжүүлж байна.
Энэтхэгийн боксын холбооны гүйцэтгэх захирал Жай Коули тус тэмцээнийг 2021 онд зохион байгуулах болсныг батлав. Тэрбээр ASBC-гийн удирдах зөвлөлийн хуралд оролцогсдын бүрэлдэхүүнд байсан аж. Азийн боксын АШТ-ийг өмнө нь эрэгтэй, эмэгтэйгээр тусдаа явуулж байгаад 2020 (хойшлоод 2021) оноос эхлэн хамтад нь зохион байгуулахаар төлөвлөсөн юм. Энэтхэгт 1980 онд эрэгтэйчүүдийн (Бомбей хотод), 2008 онд эмэгтэйчүүдийн (Гувахати хотод) тэмцээнийг хүлээн авч байжээ.
М.Бүүвэй
Уншиж байна |