Токиогийн олимпийн наадмыг зохион байгуулах хороо наадмын галт бамбарын буухианы зайг богиносгох, эсвэл бамбарыг өртөөлөн хүргэх хуваарийг ямар нэгэн байдлаар өөрчлөхгүйгээр шийджээ хэмээн эх сурвалжууд мэдээлжээ. Бамбарын буухиа Японы Фүкүшима мужийн хөлбөмбөгийн бэлтгэлийн төвд 2021 оны гуравдугаар сарын 25-нд эхэлж, тус улсын 47 мужаар дайран 121 өдөр үргэлжлэх юм.
Буухианы зайг богиносгох нь төсвийн зардлыг сүрхий хэмнэхэд нөлөөлөхгүйгээс гадна төлөвлөгөөнд өөрчлөлт оруулснаар эсрэгээрээ дахин зохицуулалт хийх шаардлага гарч, ивээн тэтгэгчид, эрх баригчдад төвөг учруулна гэж эрх баригчид үзэж байгаа аж. Үүнээс гадна коронавирусын нөхцөл байдлаас шалтгаалан буухиатай холбоотой зугаа цэнгэлийн болон урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдэд өөрчлөлт оруулах аж.
Ирэх онд зохион байгуулагдах олимпийн наадмыг хялбаршуулсан хэлбэрээр явуулахыг Олимпийн наадмыг зохион байгуулах хороо дэмжжээ. Наадмыг зохион байгуулагчид аюулгүй орчныг бүрдүүлэх, зардлыг багасгах, олимпын наадмыг илүү аюулгүй явуулахын тулд хялбаршуулсан хэлбэрээр явуулах гэсэн гурван үндсэн зарчмыг барих аж. Нэг жилээр хойшлуулсан олимпийн наадам нь дэлхийн эв нэгдэл, цар тахлын дараах сэргэлтийн бэлгэ тэмдэг болох ёстой гэж Олимпийн наадмыг зохион байгуулах хороо үзэж байна.
А.Заяа
Уншиж байна |