Монголын охид “Үндэстнүүдийн цом”-д түрүүлэв
2020-08-17

Дэлхийн даамын холбоо (FMJD)-ноос цахим хэлбэрээр зохиосон “Үндэстнүүдийн цом” тэмцээний эмэгтэйчүүдийн аварга багаар Монголын охид тодорлоо.

 

 

Бүтэн хоёр сар үргэлжилсэн тус тэмцээний эхний шатанд 11 орны бүсгүйчүүд тойргийн журмаар тоглоход манайхан Голланд, Суринам, Эстони, Бразил, Беларусийг хожин, Латви, Израиль, БНХАУ-тай тэнцэн, ОХУ, Украинд дийлдэн хэсгээсээ дөрөвдүгээр байраар шалгарсан юм.

 

Улмаар хоёр их мастертай БНХАУ-ын хүчтэй багийг хоёр тоглолт дараалан 6:2, 8:0-оор илүүрхэн хожиж, дэлхийн аварга Тамара Тансыккужина, Дэлхийн цомын аварга Айгуль Идрисова нараар толгойлуулсан ОХУ-ын хүчирхэг багийг 4:4, 7:1-ээр буулган авч, шигшээ тоглолтод шалгаран үлдсэн юм.

 

Ийнхүү аваргын төлөө ДАШТ-ий мөнгөн медальт Ольга Федорович, хүрэл медальт Дарья Федорович, 64 буудалт даамын насанд хүрэгчдийн дэлхийн аварга Яна Якубович, өсвөр үеийн дэлхийн аварга Виктория Николаева нарын бүрэлдэхүүнтэй Беларусийн багтай тоглолоо.

 

Хэдийгээр урьдчилсан шатанд учраа таарахад манай охид 6:2-оор хожсон ч энэ удаа огт өөр түвшний өрсөлдөөн өрнөх нь тодорхой байв. Наймдугаар сарын 14-нд болсон финалын эхний тоглолтод Монголын баг 5:3-аар илүүрхлээ. Гуравдугаар ширээнд тоглосон Дэлхийн даамын холбооны мастер Б.Мөнхжин ялалт байгуулж, бусад нь тэнцсэнээр ялимгүй давуу талтай болсон юм.

 

 

Гэвч наймдугаар сарын 15-ны хариу тулаан манайхны хувьд хүндхэн эхэлж, нэг, гуравдугаар ширээний тоглогчид маань хожигдох нь тэр. Харин шийдвэрлэх энэ мөчид Э.Хүслэн, Б.Мөнхжин нар ялалт байгуулснаар 4:4-өөр тэнцэж, улмаар хоёр тоглолтын нийлбэрээр 9:7-оор хожин, анхны тэмцээний аваргаар тодорлоо.

 

Ц.Ганбат

Shuud.mn
Сонин хачин
Sain baina aa
2020-08-17
Mundag yum aa. Bayar hurgeye
2020-08-17
Баяраа:
BAYAR HURGEJ AMJILT HUSEE.
2020-08-17
МУНДАГ ОХИДУУДАД БАЯР ХҮРГЭЖ УЛАМ ОЛОН УДАА АВАРГА БОЛОХ БЛЛТУГАЙ!
2020-08-17
bayar hurgue
2020-08-17