Монголын хөлбөмбөгийн холбооны Дээд лигийн 8-р тойргийн тоглолтууд өнгөрсөн долоо хоногт амжилттай өндөрлөв.
Энэ тойрогт лигийн тэргүүлэгч дөрвөн баг хоорондоо таарч, “СП Фалконс”-“Хангарьд”-ын тоглолт эвийн гэрээгээр (1:1, гоолыг М.Төгөлдөр, Ц.Мөнх-Эрдэнэ) дууслаа. Харин “Улаанбаатар” баг “Хаан хүнс-Эрчим”-тэй эн тэнцүүхэн тоглосон боловч 1:2-оор хожигдлоо. Гоолыг “Улаанбаатар”-ын С.Өсөхбаяр, “Хаан хүнс-Эрчим”-ээс Г.Батбилгүүн, Ц.Төмөр-Очир нар оруулжээ.
Лигийн шинэ улирал эхэлснээс хойш ялалтад хараахан хүрээгүй яваа хоёр баг энэ тойрогт халз туллаа. Харилцан довтолж, хамгаалсан тэнцүү өрсөлдөөний эцэст “Улаанбаатарын Мазаалайнууд”-ын Е.Өтеген 84 дэх минутад гоолдсон нь тоглолтын хувь заяаг шийдвэрлэсэн юм.
Ийнхүү “Сумида Жипро” хожилд хүрч амжаагүй хэвээр үлдэв. “Атлетик 220” клуб “Дэрэн”-г 3:1-ээр хожсон тоглолтод лигийн мэргэн бууч Н.Наранболд дахин хоёр гоол оруулснаар гоолынхоо тоог 18-д хүргэлээ.
М.Бүүвэй
Уншиж байна |