Монгол бүсгүйчүүд аваргын төлөө өрсөлдөнө
2020-08-13

 

 

Дэлхийн даамын холбооноос (FMJD) зохион байгуулж буй “Үндэстнүүдийн цом” багийн онлайн тэмцээн зургадугаар сарын 15-наас наймдугаар сарын 15-ны хооронд хоёр сарын турш үргэлжилж дүнгээ гаргах юм. Анх удаа зохиогдож буй энэхүү багийн онлайн тэмцээнд эрэгтэй 29, эмэгтэй 11 улсын баг тамирчид оролцсоноос манай улсын эмэгтэй баг шилдэг 4-т шалгарсан тухай өмнө нь мэдээлж байсан билээ. Тэгвэл өнгөрсөн даваа, мягмар гарагт дэлхийн аварга Тамара Тансыккужина, Дэлхийн цомын аварга Айгуль Идрисова нарын бүрэлдэхүүнтэй ОХУ-ын багтай оноолт таарч 4:4, 7:1 гэсэн оноогоор хоёр удаагийн халз тоглолтод илүүрхэн ялж аваргын цомын төлөө Беларусь улсын багтай тоглохоор шалгарч үлдлээ.

 

Аваргын төлөөх тоглолт наймдугаар сарын 14, 15-нд 23.00 цагаас [www.lidraughts.org](http://www.lidraughts.org/) сайт дээр явагдана. Тэмцээний журмын тухай товчхон тайлбар хүргэе. 11 баг тойргоор 10 өрөг тоглож өрсөлдсөний дараа 6 баг шалгарч үлдсэн. Эндээс 1, 2 байрт шалгарсан ОХУ, Украйны баг шууд хагас шигшээд тоглохоор болж, үлдсэн 4 баг нь хасагдах журмаар өрсөлдөхөд Монгол-БНХАУ 14:2, Беларусь-Латви 9:7 гэсэн харьцаагаар тус тус ялсан юм. Хагас шигшээ болон шигшээ тоглолтуудад Teamviewre, Jitsimeet программуудыг ашиглан тоглогчийн тоглож буй компьютерийн дэлгэц, тоглогчийн нүүр, орчны дуу чимээг камерын хяналтад шүүгч нар давхар хянан явуулж байна.

М.Оргил

Shuud.mn
Сонин хачин