Н.Наранболд найман гоол оруулав Монголын хөлбөмбөгийн холбооны Үндэсний дээд лигийн долдугаар тойргийн тоглолт өнгөрөгч амралтын өдрүүдэд явагдлаа.
Лигийн шинэ улирал эхэлснээс хойш хожигдоогүй явсан “Хангарьд” бүдэрч, “Атлетик 220” багийн Н.Наранболд “Мазаалайнууд”-ын хаалганд найман гоол хийсэн нь энэ тойргийн онцлог болсон юм.
“Хаан хүнс Эрчим”-“СП Фалконс” багуудын тоглолтын зургаадахь минутанд “Фалконс”-ын М.Жансерик гоолдож багтаа тэргүүлэл авчирсан боловч эсрэг багийн Ц.Энхтөр 23 дахь, Ц.Түмэнжаргал 40 дэх минутанд гоол оруулж “Эрчим”-ийн залуус 2:1-ээр яллаа.
“Хангарьд”-“Дэрэн”-гийн тулаан эн тэнцүүхэн өрнөж, тоглолтын 82 дахь минутанд эхний гоол орлоо. Энэ удаа “Дэрэн”-гийн Ц.Далайцэрэн онооны самбарт нэрээ бичүүлж, улмаар 90 дэх минутанд А.Дөлгөөн ялалтаа баталгаажуулсан гоолыг оруулав. Түүнээс гурван минутын дараа “Хангарьд”-ын Ц.Мөнх-Эрдэнэ торгуулийн цохилтоор гоолдож, “Дэрэн” энэ тоглолтод 1:2-оор хожлоо.
“Сумида Жипро” баг “Андууд Сити”-д 1:3-аар хожигдоход П.Доржсүрэн 67 дахь минутанд багийнхаа цор ганц гоолыг оруулсан байна. Харин “Андууд”-аас Б.Хаш-Эрдэнэ 45, Ц.Баянжаргал 83, Н.Сайнбуян 84 дэх хоромд гоолдов. Улаанбаатар нэртэй хоёр баг долдугаар тойрогт таарч 1:1-ээр эвийн гэрээ байгууллаа.
“Улаанбаатар”-ын Ж.Цогт-Очир 17 дахь минутанд тооны харьцааг нээсэн ч “Улаанбаатар Сити”-гийн А.Тэмүүжин түүнээс яг нэг цагийн дараа хариуг нь барьжээ. “Атлетик 220” клуб лигийн шинэ цэрэг “Улаанбаатарын Мазаалайнууд”-ыг 10:1-ээр бутниргэхэд Н.Наранболдын шоу болсон гэхэд хилсдэхгүй. Тэрбээр багийнхаа арван гоолд бүгдэд нь оролцсон бөгөөд найман гоол оруулж, нөгөө хоёр гоолын дамжуулалтыг А.Тэмүүжин, Б.Жавхлан нарт өгчээ. “Мазаалайнууд”-аас А.Чойжамц хариу гоолыг оруулсан байна.
Ц.Ганбат
Уншиж байна |