Федерер ийм төлөвлөгөөтэй байна
2020-07-30

 

Швейцарийн теннисчин Рожер Федерер “Токио-2020” олимпоос медаль хүртэх төлөвлөгөөтэй байна. Олимпийн наадам хойшлоод буй ч түүний зорилго хэвээрээ гэнэ.

 

Их дуулга тэмцээний 20 удаагийн аварга тэрбээр хойтон зун 40 нас хүрэх билээ. Олимпийн гуравдахь медалиа мөрөөдөн буй Федерер “Олимп бол хосгүй тэмцээн. Ганцаарчилсан, хос, холимог тэмцээн байна уу хамаагүй медаль хүртэх юм сан. 20 гаруй жил теннис тоглохдоо энэ жилийнх шиг нам тайван байж үзсэнгүй. Олимпийн тусгайлсан бэлтгэлээ гурван сарын өмнөөс л эхэлнэ” хэмээн ярьжээ.

 

Тав дахь олимпдоо оролцохыг төлөвлөж буй тэрбээр “Бээжин-2008” олимпоос хос төрлөөр алт, “Лондон-2012” олимпоос ганцаарчилсан төрөлд мөнгөн медаль зүүсэн удаатай. Федерер “Би удахгүй зодог тайлах нь тодорхой. Одоогоор бүх зүйл хэвийн байгаа ч хоёр жилийн дараа юу болохыг хараахан хэлж чадахгүй. Тийм учраас би жил жилээр төлөвлөдөг юм” гэв.

Ц.Ганбат

Shuud.mn
Сонин хачин