Баянхонгор аймгийн Богд сумын харьяат, “Хонгор нутаг” дэвжээний бөх аймгийн арслан Батсуурийн Бат-Орших Үндэсний их баяр наадамд одтой сайхан барилдаж улсын харцага цолтон болоод байгаа билээ.
Тэрбээр нэгийн даваанд Дундговийн залуу бөх Ч.Энх-Отгоныг, хоёрын даваанд улсын цолны төлөө хүчтэй үзсээр ирсэн Булган аймгийн хурц арслан Ө.Сүxбатыг, гурвын даваанд улсын харцага Т.Өсөх-Ирээдүй багшаараа, дөрвийн даваанд сүүлийн жилүүдийн наадмын өнгийг тодорхойлж буй улсын залуу харцага Д.Анарыг, тавын даваанд Хөвсгөл аймгийн арслан Ц.Сандагдоржтой тунан барилдаж давснаар улсын начин цолыг гуядаж хүртсэн юм.
Зургаагийн даваанд өмнөх жилийн наадамд 21-хэн насандаа мөнөөх Ц.Сандагдоржтой тунан барилдан улсын начин цол хүртэж, өнөө жилийн наадмаар цолоо батлаад байсан залуу начин Б.Орхонбаярыг хаяж шууд улсын харцага болоод байна. Улмаар зааны даваанд наадмын түрүү бөх, улсын аварга П.Бүрэнтөгсөд тахим буулгасан билээ. Баянхонгор аймгийн Богд сумын нутгийн зөвлөлөөс өчигдөр шинэхэн харцагынхаа амжилтыг “Тоёота Ланд Круйзер-200” автомашинаар мялааж, спортын өндөр амжилт хүслээ.
Ц.Ганбат
Уншиж байна |