Хэрвээ гайт коронавирус бүх дэлхийг бүрхээгүй бол өнөөдөр үдэш Токиогийн “New Olympic Stadium” цэнгэлдэхэд дэлхийн бүх шилдэг тамирчид цуглах ёстой байсан юм. Зуны олимпийн 32 дахь наадмыг 2020 оны долдугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 9-ний хооронд явуулахаар анх төлөвлөсөн олон улсын спортын томоохон арга хэмжээ билээ. Токио хот 1964 оны зуны олимпийг зохион байгуулж байсан бөгөөд олимпийн наадмыг хоёронтаа хүлээн авсан Азийн анхны хот болох юм.
Гэвч дэлхий дахинаа тархаад буй “covid-19” цар тахлын улмаас Япон Улсын Засгийн газар, Токио хотын захиргаа, Олон улсын олимпийн хороо гурван талт хэлэлцээрийг хийж, олимпийн наадмыг 2021 оны долдугаар сарын 23-наас наймдугаар сарын 8-нд, паралимпийн тоглолтыг наймдугаар сарын 24-нөөс есдүгээр сарын 5-нд тус тус хойшлуулан зохион байгуулах шийдэлд хүрсэн. Зуны олимпийн наадмын түүхэнд өмнө нь таван удаа цуцлагдсан тохиолдол байсан боловч хойшлогдсон нь анх удаагаа юм. Япон Улсын коронавирустай тэмцэх арга ажиллагааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага үнэлж байгаа ба Ерөнхий сайд Шинзо Абэ 2021 онд зохион байгуулах олимпийн наадмыг хүн төрөлхтөн коронавирусын цар тахлыг ялан дийлсэн баярын хэлбэрээр зохион байгуулахаа илэрхийлжээ. Мөн тэрбээр олимпийн наадмыг зохион байгуулахад шинэ төрлийн коронавирусын эсрэг вакцин гаргаж авсан байх шаардлагатайг онцолж, Япон Улс тус чиглэлд идэвхитэй ажиллаж буйг мэдэгдээд байна. Япон Улсын хувьд олимпийн наадам хойшлогдсонтой холбоотойгоор нэмэлтээр 20-60 тэрбум ам.долларын төсвийн санхүүжилтийг гаргахаар болжээ.
Ц.Ганбат
Уншиж байна |