Мэргэжлийн боксын WBC холбооны 57,2 кг-ийн жинд дэлхийн аварга цолын төлөө өнгөрөгч хоёрдугаар сард тоглож, оноогоор ялагдсан “Кинг Туг” Н.Төгсцогт маань рингэнд ирэх есдүгээр сард дахин гарахаар боллоо.
Тодруулбал Н.Төгсцогт есдүгээр сарын 19-нд АНУ-ын Бостон хотноо мэргэжлийн боксын рингэнд 13 дахь тулаанаа хийх юм. Өмнөх 12 тулааны 11-д нь ялалт байгуулж байсан Төгсөөгийн энэ удаагийн өрсөлдөгч нь Мексикийн Эдуардо Рамирес хэмээх боксчин. 1993 онд төрсөн, 27 настай (Төгсцогтоос нэг дүү) Э.Рамирес мэргэжлийн боксын рингэнд 2010 онд анх гарснаас хойш 28 тулаан хийж, 23 ялж, 2 ялагдаж, 3 тэнцсэн туршлагатай тулаанч ажээ.
Өнгөрсөн жил Рамирес гурван тулаан хийхдээ сүүлийн хоёрыг нь манай бокс сонирхогчдын сайн мэдэх боксчидтой хийжээ. Тухайлбал өнгөрсөн зун манай Төгсөөгийн ялж байсан Клаудио Маррерод ялагдсан бол арваннэгдүгээр сард Кубын алдартай ах дүү гурван Бартелемигийн нэг Ледуаныг ялжээ. WBC холбооны чансаагаар 57,2 кг-ийн жинд Н.Төгсцогт гуравдугаарт, харин Э.Рамирес зургадугаарт бичигдэж байгаа. Хоёр боксчин 12 раунд тулалдах бөгөөд хэн ялсан нь дараа нь дэлхийн аварга цолын төлөө тулалдах эрхтэй болно. Мэргэжлийн боксын хамгийн нэр хүндтэй холбооны нэг WBC-ийн дэлхийн аварга цолын төлөө дахин тулалдах, улмаар мэргэжлийн боксын оргилд хүрэх зам Н.Төгсцогтын өмнө дахин нээгдэж байна.
Ц.Энхтүвшин
Уншиж байна |