Токиогийн олимпийн наадмыг зохион байгуулагчид коронавируст цар тахлын улмаас нэг жилээр хойшилсон наадмын уралдаан тэмцээний шинэ хуваарийг танилцуулжээ. Олимпийн наадмыг зохион байгуулах хорооны тэргүүн Ёширо Мори баасан гарагт болсон Олон улсын олимпийн хорооны цахим хурлын үеэр энэхүү мэдэгдлийг хийсэн байна. Түүний мэдээлснээр, Олимпийн наадам 2021 оны долдугаар сарын 23-нд эхэлж 17 хоногийн турш үргэлжлэх ажээ. Мөн тамирчид спортын 33 төрлийн 339 тэмцээнд хүчээ сорино.
Зохион байгуулагчид тамирчдын байрлах газар болон бусад байгууламжийг өмнө нь төлөвлөж байсан газрууддаа товлосон тул шинэ хуваарь өмнөхөөс төдийлөн өөрчлөгдөөгүй байна. Харин зарим арга хэмжээний цагийн хуваарьт хэд хэдэн зохицуулалт хийжээ. Марафон гүйлт, спорт алхааны тэмцээнийг Хоккайдо арлын Саппоро хотод зохион байгуулах хэвээр ажээ. Цэцгийн ёслол Саппород болох бол медалийг Токиогийн шинэ Үндэсний цэнгэлдэх хүрээлэнд гардуулна. Уг цэнгэлдэх хүрээлэнд Олимпийн нээлт, хаалтын ёслол болох юм.
Мөн эрэгтэй, эмэгтэй марафон гүйлтийн тэмцээний шагнал гардуулах ёслол хаалтын ёслолын үеэр болох ажээ. Эрэгтэйчүүдийн марафон гүйлтийн тэмцээн олимпийн наадмын сүүлчийн өдөр болох бол эмэгтэйчүүдийн тэмцээн түүнээс нэг өдрийн өмнө болох юм байна.
Ц.Ганбат
Уншиж байна |