Аутоиммун эмгэгээр өвчилсөн шорт-трекийн дэлхийн аварга Лара ван Рюйвен 27 насандаа таалал төгсчээ. Голланд бүсгүй 2018 оны Пёнчаны өвлийн олимпоос хүрэл медаль хүртэж байсан юм.
Тэрбээр өнгөрсөн сард Францын Перпиньян хотод бэлтгэлийн үеэр гэнэт өвдөж эмнэлэгт хэвтсэн байна. Голландын шорт-трекийн шигшээ багийн дасгалжуулагч Йероен Оттер хэлэхдээ "Баг хамт олон, ойр дотно хүмүүсийн хувьд хүнд цохилт боллоо. Түүнийг бид бүгдээрээ үргэлж дурсах болно" гэжээ. Ван Рюйвен өнгөрсөн онд София хотод болсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 500 метрт түрүүлж, 2018 онд Пёнчанд 3000 метрийн буухиа төрөлд олимпийн хүрэл хүртсэн билээ. Голландын тэшүүрийн холбооны (KNSB) захирал Херман де Хаан эмгэнэл илэрхийлж "Бидэнд тун харамсалтай үйл явдал боллоо. KNSB-ийн нэрийн өмнөөс би Ларагийн найз нөхөд, гэр бүлийнхэнд эмгэнэл илэрхийлье" гэжээ.
Ц.Ганбат
Уншиж байна |