Япончууд “Токио-2021”-ийг дэмжихгүй
2020-07-17

Японы нийслэл Токио хотын оршин суугчдын тэн хагасаас илүү нь ирэх он хүртэл хойшлуулаад буй олимпийн наадмыг зохион байгуулахын эсрэг байр суурьтай байгааг нэгэн санал асуулгын дүн харуулав.

 

Японы хэвлэл мэдээллийн хоёр байгууллагаас саяхан явуулсан санал асуулгад оролцогчдын 51,7 хувь нь 2021 оны олимпийг хойшлуулах, эсвэл дахин цуцлаасай хэмээн үзэж байгаагаа илэрхийлжээ. Олимпийн наадмыг 2021 онд зохион байгуулахыг эсэргүүцэж буй хүмүүсийн 27,7 хувь нь наадмыг бүхлээр нь цуцлахыг илүүд үзсэн бол үлдсэн хувь нь дахин хойшлуулсан нь дээр гэж үзжээ.

 

Харин 2021 онд олимпийг зохион байгуулахыг дэмжиж буй хүмүүсийн 31,1 хувь нь тэмцээнүүдийг танхимын үзэгчгүйгээр явуулах зэргээр наадмын хамрах хүрээг багасгах хэрэгтэй гэж үзсэн бол 15,2 хувь нь хэвийн явуулахыг илүүд үзсэн байна. Энэхүү санал асуулгад нийт 1030 хариу иржээ. Токиогийн олимпийн наадмыг энэ оны долдугаар сард зохион байгуулахаар анх товлоод байсан боловч коронавирусын цар тахлын улмаас 2021 оны долдугаар сар хүртэл хойшлуулсан билээ гэж ВВС агентлаг мэдээлэв.

Shuud.mn
Сонин хачин