Өсвөр үеийнхний олимпийг дөрвөн жилээр хойшлуулав
2020-07-17

Сенегал улсын Дакар хотод 2022 онд зохион байгуулах байсан өсвөр үеийнхний IV олимпийн наадмыг дөрвөн жилээр хойшлууллаа.

 

Лхагва гаригт хуралдсан ОУОХ-ны удирдах зөвлөлийн хурлаар Сенегал улсын ерөнхийлөгч Maкки Саллын олимпийн наадмыг 2026 он хүртэл хойшлуулах хүсэлтийг ОУОХ хүлээн авчээ. Дөрвөн жил тутамд зохион байгуулдаг өсвөр үеийнхний зуны олимпийн наадмыг анх 2010 онд Сингапур, 2014 онд Наньжин, 2018 онд Буэнос-Айрес, өвлийн олимпийг анх 2012 онд Инсбрук, 2016 онд Лиллехаммер, 2020 онд Лозанн хотод явуулж байжээ.

 

Энэхүү олимпийн наадамд 18 нас хүртэлх насны өсвөрийн залуу тамирчид оролцдог журамтай. Сингапурын олимпоос Монголын тамирчин Б.Батцэцэг чөлөөт бөх, Г.Эрдэнэболд гимнастикийн төрлөөр алтан медаль хүртэж анхдугаар олимпийн аваргаар тодорч байсан бол 2016 оны цагаан олимпоор Б.Сумъяа тэшүүрийн холимог багийн төрөлд, 2018 оны зуны олимпод Э.Энхмаа 10 метрийн хийн урт бууны холимог багийн төрөлд Унгар улсын тамирчинтай хамтран олимпийн аварга болжээ.

Ц.Ганбат

Shuud.mn
Сонин хачин