“Эрчим” 13 гоолоор хожив

Монголын хөлбөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг 2020”-ийн эхний тойрог амжилттай явагдаж өндөрлөлөө. Лигийн улирлыг нээж “СП Фалконс”-“Дэрэн” өрсөлдөхөд “Фалконс”-ын залуу тоглогч М.Төгөлдөрийн ганц гоол ялагчийг тодорхойлов.
Харин “Улаанбаатар”-“Атлетик 220” багууд 2:2-оор эвийн гэрээ байгуулжээ. “Улаанбаатар”-ын Б.Балжинням 53 дахь минутад гоол оруулсан боловч “Атлетик 220”-ын Н.Наранболд 59 дэх, А.Тэмүүжин 73 дахь минутад хариуг нь барьж тэргүүлж эхэлсэн. Тоглолтын цаг дуусах мөчид буюу 90+8 минутад О.Баяржаргал торгуулийн цохилтоор тоог тэнцүүлжээ. “Андууд Сити”-г “Хангарьд”-ын залуус 0:2-оор хожиход хоёр Эрдэнэ гоолоор нэмэрлэв. 85 дахь минутад Т.Энх-Эрдэнэ, түүнээс дөрвөн минутын дараа Ц.Мөнх-Эрдэнэ хаалганы торыг хөдөлгөсөн юм. Лигийн олон удаагийн аварга “Хаан хүнс-Эрчим” залуухан баг “Сумидо-Жипро”-г 0:13-аар бут ниргэв.
Гоолуудыг 11 өөр тоглогч оруулсны дунд Ц.Түмэнжаргал, С.Цэрэндорж нар тус бүр хоёрыг нэмэрлэжээ. Тойргийн төгсгөлд “Улаанбаатар сити” лигийн шинэ цэрэг “Улаанбаатарын мазаалайнууд”-ыг хүлээн авч 3:0-ээр хожив. Энэ тоглолтод Д.Тэмүүлэн, Г.Гантогтох, Х.Есөн-Эрдэнэ нар гоол оруулсан байна.
Ц.Ганбат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ