Монголын тамирчдын болон Олон улсын олимпийн өдөр маргааш тохионо. Монгол Улс 1964 оны зуны наадамд анх спортын таван төрөлд 21 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож байсан түүхтэй. Харин 1968 онд 16 тамирчин Мехиког зорьж нэг мөнгө, гурван хүрэл медаль, шагналт байранд хоёр тамирчин орж 112 орон оролцсон энэ олимпод Монгол Улс 27 дугаар байрт орж медалийн буухиагаа эхлүүлсэн байна.
1964 оны олимпоос хойш Монгол Улс 12 удаагийн зуны олимпийн наадамд баг, тамирчдаа бэлтгэн оролцуулж спортын дөрвөн төрлөөс хоёр алт, 10 мөнгө, 14 хүрэл нийт 26 медаль авсан байна. Тиймээс Монголын ард түмэн, тамирчид “Олон улсын олимпийн өдөр”-ийг “Тамирчдын өдөр” хэмээн өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай болсон.
Энэ өдрийг тохиолдуулан 1988 оны БНСУ-ын Сөүлийн олимпийн хүрэл медальт, гавьяат тамирчин, “Зууны манлай боксчин” Нэргүйн Энхбатыг “Амьдралын тойрог” булангийн зочноор урилаа. Тэрээр олимпийн хүрэл медалийг Монголын ширэн бээлийтнүүдээс анх удаа хүртсэн. Түүнтэй уулзахаар өнгөрсөн баасан гаригт Хандгайт дахь “Олимп цогцолбор”-ыг зорилоо.
Спортын зэрэг, цолгүй ч шигшээ багт орсон нь
Одоо тэрээр ОБЕГ-ын “Аврагч” спорт хороонд н.Эрдэнэбаяр багшийн урилгаар зөвлөх дасгалжуулагчаар ажиллаж байна. Өнөөдөр коронавирусаас шалтгаалан тэмцээнүүд тодорхойгүй хугацаагаар хойшилсон ч сэргэлтийн цугларалт хийж байна. Хэдийгээр тэмцээн болохгүй ч гэсэн ОБЕГ-ын болон боксын шигшээ багийн тамирчид байгальд гарч бэлтгэлээ хийж байна гэсээр биднийг угтсан юм. Н.Энхбат 1962 онд Улаанбаатар хотод төрсөн. Түүний аав ээж хоёр Баянхонгор аймгийн Өлзийт сумын уугуул. Аав Нэргүй нь МИАТ-ийн нэрийг өгсөн нисгэгч ажээ. Харин ээж нь сүрьеэгийн эмч. Н.Энхбат таван хүүхдийн дундах нь. Ээж нь Төмөр замын эмнэлэгт сүрьеэгийн эмчээр очиход хамт ажилладаг эмчийн эхнэрийнх нь дүү Д.Банди багш байжээ. Тэднийх хөрш. Д.Банди багш 21 настай, оюутан байхдаа боксоор хичээллэхэд аав нь уурлаж боксын бээлийгээ хөрш Нэргүй гуайнд тавьдаг байж. Хүүхэд л болсон хойно Энхбат бээлийг нь ахтайгаа ээлжилж өмсөөд нэгийгээ цохино. Мөн ахыгаа дагаж боксын тэмцээнийг алгасахгүй үзсээр байгаад уруу татагдсан байна
.
VII ангидаа Д.Банди багшийн дугуйланд долоо хоног яваад бэлтгэлээ таслаад ирэхэд нь буцааж аваагүй байна. Ингээд Х ангид орлоо. Нэг өдөр хичээлдээ сууж байтал боксчин Н.Нарантуяа дуудав. Н.Нарантуяа VII ангиасаа хойш тасралтгүй боксоор хичээллээд, спортын мастер цол авчихсан байсан юм. Тэр “Замчин” нийгэмлэгийн боксын аварга шалгаруулах тэмцээн болох гэж байна. Чи бокс сонирхдог, тэмцээн их үздэг, эвсэлтэй юм чинь тэмцээнд орчих” гэлээ. Ингээд “Замчин” нийгэмлэгийн тэмцээнд спортын I зэрэгтэй Батболдтой финалд таарч 3:0-ээр хожоод түрүүлэв. Д.Банди багш намайг тэмцээний дараа зочид буудалд байрлаж бэлтгэл хий гэхээр нь баярлалаа. Залуучуудын УАШТ-д орох юм бодоод бэлтгэл хийв. Гэтэл намайг биш, надад хожигдсон н.Батболдыг залуучуудын УАШТ-д оруулчихав. Шар хөдлөөд болдоггүй. Тэгэхээр нь VI сургуулийн сурагч гээд “Хоршоолол”, V сургуулийн сурагч гээд “Барилгачин” нийгэмлэгийн аварга шалгаруулах тэмцээнд ороод түрүүлсэн гэв.
Тэр үед боксын багш, дасгалжуулагч, тамирчид намайг харж, анхаарлын төвдөө авчихсан байсан юм билээ. Шигшээ багийн тамирчид нийгэмлэгүүдийн тэмцээнийг шүүж, өөрсдийн жингийн өрсөлдөгч, бэлтгэл хангагч тамирчдыг сонгож авдаг байж. Улсын шигшээ багийн ахлах дасгалжуулагч В.Батбаяр багшид Р.Отгонбаяр ах намайг сонгож авмаар байна гэдэг саналаа хэлж, багшийг дагуулан ирж миний тулааныг харуулсан гэсэн. Тэгсэн миний тулаан В. Батбаяр багшид таалагдаж, намайг бэлтгэл хийхийг урьсан. Энэ үед Х ангиа төгсч, шалгалт өгч Москвагийн Төмөр замын дээд сургуулийн хуваариа авах гээд зогсож байтал В.Батбаяр багш ирээд “Чи гадаад руу сургуульд явахгүй. Аав ээжтэй чинь ярьсан. Чи Монголдоо сурна. Чамайг шигшээ багт авсан бэлтгэлдээ ор. Болгар руу социалист орнуудын “Нөхөрлөл” олон улсын тэмцээнд явна. Одоо шууд буудалд байрлаж, бэлтгэл хий” гэснээр 1980 оны олимпийн бэлтгэлд гарч, боксын улсын шигшээ багийн орон тооны тамирчин болж 1979-1989 он хүртэл Монгол Улсынхаа төлөө тасралтгүй 10 жил боксдсон байна.
Энэ хугацаанд Олон улсын сонирхогчдын боксын холбооны шилдэг боксчдын жагсаалтад жиндээ эхний байруудад 1983-1989 он хүртэл буюу долоон жил, улсын аваргаа долоон жил хамгаалжээ. Мөн Германд болдог “Химийн цом” 1983, 1986, Румыны “Алтан бүс” 1984, 1986 олон улсын тэмцээнээс хошой алтан медаль, “Улаанбаатарын цом” олон улсын тэмцээний аваргаар тавантаа шалгарсан алдартан юм. Уг нь улсын аваргад долоон удаа түрүүлсэн. Манай боксын түүхийг бичдэг геологийн ухааны доктор, профессор Д.Баяр гэдэг хүн дандаа зургаа гэж бичдэг. Хүмүүс амжилтаа ахиулж ярьдаг байхад минийх хасагдсан. Үүнийг нь сэтгүүлчид ч зургаа гэдэг. Үнэндээ би чинь долоо түрүүлсэн хүн шүү дээ. Мөн шигшээ багийн дэлхийн аваргын мөнгөн медальт, Азийн аварга, ОУХМ Р.Отгонбаяр ахын нэг жингийн өрсөлдөгч, бэлтгэл хангагч хэмээн дагуулснаар 1983 онд өрсөлдөгчөө ялсанаар 1988 он хүртэл нэг номерын тамирчин болсон байна. Боксоор монгол хүний амжилт гаргадаг үндсэн жин нь 57, 60, 63 кг. Гадныхан хүртэл монголчуудын жин гэж ярьдаг гэсэн.
Азийн аваргад орохоосоо өмнө Азийн наадамд анх удаа орсон. 1982 онд би 60, Р.Отгонбаяр ах 57, Г.Батбилэг ах 63 кг-д орсон санагдаж байна. Би эхний тулаанд Японы тамирчинг хүнд цохилтоор хоёр удаа унагаж цэвэр ялалт авлаа. Хоёрдугаар тойрогт Ази тивийн аварга Энэтхэгийн боксчинтой тулалдаж улаан цайм луйвардуулан медалиас мултарсан. Түүнээс хойш 1987 онд Кувейтэд болсон Азийн аваргад тулалдахад Ц.Амаржаргалын бөөр нь суналттай, өвдөлттэй байсан болохоор багш намайг дээшээ Н.Баярсайханы жинд оруулж, Н.Баярсайханыг миний жинд оруулсан. Бид гурвуулаа финалдсан. Амараа бид хоёр мөнгөн медаль, Баяраа түрүүлж Ази тивийн аварга болсон. Би алтан медалийн төлөө Солонгосын Ким Ти Тэктэй тулалдсан. Шүүгчид Солонгосын талд илүү шүүж, ялалтыг түүнд заасан. Шүүгчгүй улсын зовлонг мэдэрсэн тэмцээн болж билээ. Багийн дүнгээр манай улс II байрт орсон. Тэр үед биднийг Азийн аваргад цөөн явуулдаг байсан юм. Хэрэв жил болгон явуулж байсан бол манай боксчдоос олон Азийн аварга төрөх байсан. Одоо тэр үеийг бодохоор их харамсдаг. Бидний үеийн боксчид тухайн үеийнхээ спортын алдаатай бодлогын золиос болоод өнгөрсөн.
Монголын сүүлчийн Спортын гавьяат мастер
1986 онд Германы Халле хотод болсон “Химийн цом”-д олимпийн хүрэл медальт, дэлхийн хоёр удаагийн аварга Адольф Орто гэж Кубын тамирчинг ялахад нэг сэтгүүлч “Та энэ хүнийг яаж ялаа вэ” гэхэд нь “Би Халле хотын хөгжөөн дэмжигчидтэй нийлж байж энэ мундаг хүнийг яллаа” гээд хэлчихлээ. Тэгсэн маргааш нь хүлээн авалт дээр Халле хотын дарга “Монголын Энхбат гэж хаана байна. Наашаа гараад ир” гэлээ. Тэгэхэд тэмцээний шилдэг тамирчин, техниктэй тамирчны шагнал авсан болохоор андуурсан байх гэж бодтол “Халле хотын ”Хүндэт иргэн” боллоо” гэсэн. Мөн онд ДАШТ АНУ-ын Рено хотод болоход Улс төрийн товчооноос хөрөнгөтөн оронд зохиох юм байна гээд явуулаагүй ажээ. Манайхаас бусад бүх социалист системийн орон 1986 оны дэлхийн аваргад орсон. Дэлхийн аварга Кубын Адольфо Орто “Монголын тамирчин ирээгүй бол би дэлхийн аварга болох нь тодорхой” гэж хэлээд түрүүлсэн байдаг. Дэлхийн аваргын тэмцээнээс сарын өмнө би Европын цуврал Германы “Химийн цом”, Румыны “Алтан бүс” тэмцээнд дараалан А.Ортог ялсан байв.
Мөн түүнд сарын өмнө ялагдаж байсан Венесуэлийн Энгелье Петроса дэлхийн аваргаас мөнгө, Румыны Емил Чупренки хүрэл медаль хүртсэн нь ДАШТ-ээс медаль авах боломж байж дээ гэж бодсон гэлээ. Тухайн үед социалист орнуудад мэргэжлийн бокс гэж байдаггүй байж. Тэмцээнээс ирээд аавдаа “Баруун Германд намайг мэргэжлийн боксчноор үлдээч гэж урьж байна” гэхэд “Хүүе хүү минь болохгүй шүү. Аав ээж нь нам ч үгүй, ажил ч үгүй болно” гэсэн. Багшдаа хэлтэл “Хүүе ёстой болохгүй” гэснээр сонирхогчийн боксоор тоглосоор байгаад дууссан байна. Японд ч мөн урьж байжээ. Зах зээлийн дараа хоёр Герман нэгдсэнээс хойш “Химийн цом”-д дахин оролцоогүй. Боксдоо эргээд орж байгаа болохоор очиж үзэх юмсан гэж боддог. Мөн Дархан хотын “Хүндэт иргэн”. Улаанбаатарын анхны олимпийн медальтан юм чинь “Хүндэт иргэн” болгочихгүй юм байхдаа. Тэгвэл давуу эрхээ эдэлмээр байна хэмээн хошигнож байлаа.
1988 оны Сөүлийн олимпоос хүрэл медаль авч байгаа агшин.
1988 оны Сөүлийн олимпод хөгшрөөд явсан болохоор медаль авч чадах болов уу гэж айж л байлаа. Медальтай ч бай, үгүй ч бай ямар ч гэсэн байр өгнө гэсэн болохоор явсан. Тэгэхэд сугалаа ч сайхан таарч хэдэн хүнийг ялаад хүрэл медалийн болзол хангасан. Мөнгөн медалийн төлөө Шведийн тамирчинтай тоглосон тоглолтоо харахад би ялсан байдаг. Хажуугийн таван шүүгчийн гурав нь тэр хүнд, хоёр нь надад ялалт өгөхөд жаахан гомдсон. Медалийн тавцан дээр гарахад сонин байсан. Боксоор Р.Отгонбаяр ах дэлхийн салхийг хагалсан бол би олимпийн салхийг хагалсан. Тэгэхэд “Би нээрээ овоодоо. Ямар ч гэсэн хоосон харьсангүй” гэж медаль зүүх агшинд бодсон гэж байв.
Тэрээр өөрийгөө “Монгол Улсын хамгийн сүүлчийн Спортын гавьяат мастер гэсэн. 1989 онд АИХ-ын тэргүүлэгчийн зарлигаар СНЗ-ийн дарга Ж.Батмөнх гавьяатын тэмдэг зүүж өгөхдөө түүнээс “Энэ жил ямар том тэмцээнтэй вэ” гэж. Ойрхоноор нь “Тивийн аваргын тэмцээн бий” гэтэл “За тэгвэл тэнд түрүүлж гавьяатаа батлаарай” гэж ерөөсөн төрийн тэргүүнийхээ даалгаврыг биелүүлж, тэр жилээ Азийн аварга болохдоо олимпоос медаль авснаасаа ч илүү баярлажээ. Н.Энхбат Монголдоо нэг ч удаа ялагдаж байгаагүй. Аав нь Москвад МИАТ-ийн төлөөлөгчөөр очсон болохоор 1989 онд Москвад очиж тоглоод залуучууддаа байраа тавьж өгье гэж хэлээд Монгол руугаа буцалгүй, Москвад аав ээж дээрээ үлдэж зодог ч тайлалгүй боксоо орхижээ. Гэтэл В.Батбаяр багш нь түүнийг дуудаж дасгалжуулагч бол гэснээр Спорт сургалтын төвд Мишигдорж хэмээх агуу багштай зургаан сар ажилласан. Нэг өдөр багш нь гэнэт дуудаад шигшээ багт өөрийнхөө туслах дасгалжуулагчаар авахад 1989-1992 оны Барселоны олимп дуустал дөрвөн жил ажилласан байна.
Батлагдаагүй “Тамирчны алдар”
Олимпоос манай бөхчүүд дандаа медаль хүртдэг байлаа. Бусад төрлийн тамирчид медаль хүртээгүй байсан үед би анх удаа боксоор олимпийн медаль хүртсэн болохоор үүнийг түүхэн амжилт гэж үзэн шуудангийн марк гаргасан юм билээ. Мөн “Чингис хаан” хамтлагийн ахлагч, гавьяат жүжигчин Д.Жаргалсайхантай дунд сургуулийн найзууд. Би багадаа хэсэг хугацаанд VI сургуульд сурч байхад надаас хоёр ангийн дээр Жагаа сурч байсан. Тэр үеэс одоо хүртэл сайхан найзууд явна. Жагаа 1988 оны Сөүлийн олимпод миний хийсэн тулааныг Оросын “ОРТ-1” сувгаар үзэж, намайг медаль хүртэхэд их баярлаж хөөрсөн гэнэ лээ. Тэр үед толгойд нь “Та бидний итгэлийг алдаагүй Тамирчны ялалт хямдхан олдоогүй” гэсэн хоёр мөр шууд орж ирсэн гэж олимпийн дараа ярьж байсан. Тэгээд үргэлжлүүлэн шүлэг бичиж, ая зохиож дуу болгоод тэр үеийн Урлагийн зөвлөлөөр батлуулах гэтэл “Энэ дуу чинь тамирчны алдрыг магтсан дуу мөн юм уу. “Алаг сайхан нүдэндээ баярын нулимстай” гээд үхэрт зориулсан дуу юм биш үү” гээд батлахаас татгалзсан гэдэг. Хэдий Урлагийн зөвлөлөөр батлагдаагүй ч гэсэн энэ дуу Монголын тамирчдын сүлд дуу болж чадсан. Надад зориулж ийм сайхан дуу зохиож өгсөн найздаа баярлаж явдагаа манай сониноор уламжиллаа.
Түүнд 1979-1989 он хүртэл оролцож байсан тэмцээнийхээ талаар бичсэн гурван тэмдэглэлийн дэвтэр байдаг гэсэн. Энэ талаар асуухад “Тухайн үед багш маань өдрийн тэмдэглэл заавал хөтлөх ёстой гэж өндөр шаардлага тавьдаг байсан. Заримдаа мартчихна. Тэгээд нэг нэгнээсээ хуулж бичнэ. Сүүлдээ автоматаар бэлтгэлээс орж ирээд мартаагүй дээрээ гээд бичдэг болсон. Багш маань зөвхөн дасгалжуулагч биш агуу сурган хүмүүжүүлэгч байсан. Муухай үг огт хэлдэггүй, их өндөр шаардлага тавина. Зүрх минутад 218 цохилохгүй бол ачаалал авахгүй хэмээн ажиллуулдаг байснаар бид амжилтад хүрсэн. Спорт бол шүдэнз зураад асахад дуусна. Та нар эх орондоо хэрэгтэй боловсон хүчин, хүүхдийн аав болно гэдэг утгаар нь биднийг хүмүүжүүлсэн. Монгол Улсын шигшээ багийг олон жил дасгалжуулж удирдсан хүн байсан. Тэмдэглэлийн дэвтрийнхээ хуудсыг эргүүлж харахад залуу нас минь нүдэнд харагддаг” гэсэн юм. Дээрх хугацаанд рингэнд 318 удаа гарч, 251 удаа ялсан нь дурайна.
Их сургууль төгссөн ч мэргэжлээрээ ажиллаагүй
Анх насаар чацуу ч доод ангийнхаа Бумсахияаг спортын мастер болсныг нь мэдэхгүй хэмх тавиулчихлаа. Толгой шуугиж өвдөөд. Тэгээд “Төмөр замын атаман байж, өөрөө гүйж очиж хүнд зодуулж байдаг. Зүгээр дураараа атаманаа хийгээд явж байхгүй, тэнэг юм” гэж бодлоо. Хувцасны энгэр нэл цус, тэрийгээ харж дургүй хүрээд сүүлдээ бүр шар гозоогоод болдоггүй. Тэгээд гурав хоног хэвтээд Д.Банди багшийн дугуйланд долоо хоног яваад хаячихсан. Оюутан болоод шигшээ багт орсон болохоор ачаалал даахгүй ядраад нам унтана. Тэгээд долоо хоног бэлтгэлээ таслаад хичээл дээрээс дуудахаар нь болъё гэж хэлэхээр зааланд орсон чинь нээх гоё хөлс, шивэр үнэртэхээр нь “Яах гэж ийм гоё юмаа болих гэж байгаа юм болоо” гэж бодсон. Тэгтэл багш “Цалинг чинь бичиж байхад хаашаа алга болчихов” гэхээр нь “Үгүй ээ багшаа, шалгалт шүүлэг гээд” гэтэл “Олон юм ярихгүй хувцсаа тайлаад бэлтгэлдээ ор” гэсэн. Хоёр удаа шантарч үзсэн. Түүнээс боксдоо дуртай гэв.
Их сургууль төгсөөд мэргэжлээрээ ажиллаагүй ч дээд боловсролтой тамирчнаас гадна амжилт нь өсөөд байвал цалин нь нэмэгддэг байж. Хаана ч очсон дээд боловсролтой гэхээр хүмүүсийн хандлага хүртэл өөр болдог байсан. Манайхан чинь хүнийг дандаа боловсролоор нь ялгадаг. Тэр үед дээд боловсролтой тамирчид ховор байсан. Манай худалдааны эдийн засгийн багш нар бүгд эмэгтэй болохоор бокс гэхээр зодоонч гэсэн буруу ойлголттой, хүмүүс дургүй байлаа. Боксчдод арын хаалга гэж байдаггүй. Улсын аваргаа зургаан удаа гэж зарладаг байх үед би Баяраа ахад “Намайг МУИС-ийн Худалдааны эдийн засгийн факультетын оюутан” гэж зарлаад өгөөч. Тэгвэл багш нар ойлгоно гэсэн. Ингээд зарласан чинь манай декан, багш нар өөр болж намайг чангалах нь арай багассан. Манай декан сүүлдээ чи чөлөө авахгүй юм уу гэхээр нь үгүй бушуухан эндээс салмаар байна гээд 1985 онд сургуулиа төгссөн гэж байлаа.
“Зууны манлай боксчин” маань “Би хотод төрсөн анхны олимпийн медальтан юм билээ. Тэр үед хотын дарга байсан Л.Энэбиш дарга 1988 оны арванхоёрдугаар сарны 30-нд олимпийн медальтан гээд надад гурван өрөө байр өгсөн. Тухайн үед гэр бүлгүй байлаа. 1990 онд эхнэртэйгээ танилцаж, 1992 онд хүүтэй болсон. Ингээд бусдын жишгээр амьдралаа дээшлүүлье гээд ганзагын наймаа хийгээд алга болсон. 1998-2000 он хүртэл Монголын үндэсний олимпийн хороонд ажиллаж байгаад 2000 онд АНУ руу гэр бүлээрээ явж 2017 онд эх орондоо ирж суурьшин ирээдүй хойч үеэ дасгалжуулж байна. АНУ-д 17 жил байхдаа хийж болох ямар ажил байна бүгдийг нь хийсэн. Гэхдээ сүүлийн таван жил боксын клуб байгуулсан. Үүнийхээ хажуугаар пицца зөөхөөс гадна ачигч хүртэл хийсэн гэж байв. Охин, хүү хоёртой. Хүү нь АНУ-ын өсвөр үед түрүүлж, залуучуудын улсын аваргаас мөнгөн медаль авсан. Одоо АНУ-д инженерээр ажиллаж байна” гэсэн юм.
Энэ жилийн Олимпийн өдөр цар тахлыг хамтдаа даван туулахыг зорин “Идэвхтэй, хүчтэй, эрүүл байя” уриан дор цахим хэлбэрээр болох юм байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин