Мэргэжлийн сүмогийн тавдахь буюу жонидан зиндаанд хүч үздэг Ханаказэ өчигдөр 50 насны төрсөн өдрөө тэмдэглэв. Тэрбээр анх 1986 оны гуравдугаар сард сүмод хөл тавьж, 34 жилийн хугацаанд 1401 барилдаан хийж, үүнийхээ 658-д ялж, 743 удаа унажээ.
Хамгийн өндөр чансаа нь санданмэгийн 18-д хүрч байж. 1992 оны эхний башёд хожмын комүсүби Тоокиг ялсан бол 2007 оны нэгдүгээр сарын башёд ирээдүйн озэки Такаясүг орхисон удаатай. Ханаказэ “Тацүнами” дэвжээнээсээ хэзээ ч холдож үзээгүй. Тэрбээр дэмжээнийхээ гал тогоог эрхэлж, барилдахаас өөр чадвартайгаа ч харуулсаар ирсэн юм. Өнгөрөгч хаврын тэмцээнд Ханаказэ 4-3 амжилт үзүүлэн жонидан зиндаанд дахин барилдах эрхтэй болжээ.
М.Бүүвэй
Уншиж байна |