Монгол Улс Замын хөдөлгөөний дүрэмтэй болсон өдөр тохиож байна
2020-05-22
Гэрэл зургийг MPA.mn

 

Монгол Улсын анхны Замын хөдөлгөөний дүрэм 1925 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн Засгийн газрын 18 дугаар хуралдаанаар батлагдсанаас хойш 12 удаа шинэчлэн батлагдаж, 5 удаа нэмэлт өөрчлөлт орж, 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Замын хөдөлгөөний дүрмийг 27 бүлэг, 224 зүйл, 4 хавсралттайгаар шинэчлэн баталж 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхлээд 95 жилийн хугацаа өнгөрөөд байна. Замын хөдөлгөөний дараалал тогтоож, хөдөлгөөнд оролцогчдын эрхийг хамгаалахад чиглэгдсэн эрх зүйн актыг баталсан энэхүү түүхэн өдрийг тохиолдуулан иргэдийн замын хөдөлгөөнийг дүрмийн мэдлэгийг нэмэгдүүлэх, сурталчлан таниулах  ажил арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөөд байна.

 

Иймд иргэд, жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо дүрмийг чанд сахин биелүүлснээр өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг найдвартай хамгаалах ач тустай гэдгийг тогтмол санаж, зөв амьдралын хэвшлийг бий болгоорой гэж Тээврийн цагдаагийн албанаас зөвлөж байна.

 

МОНГОЛ УЛСЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРМИЙН ТҮҮХЭН ОН ЦАГИЙН ХЭЛХЭЭС

 1.  Монгол улсын 15 дугаар оны (1925 оны) 5-р сарын 22-ны өдөр - Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газрын 18 дугаар хурлаар «Аливаа гал усны уурын хүчээр явах тэрэг зэргийг Бүгд Найрамдах Монгол Ард Улсын хязгаарын дотор хэрхэн хэрэглэхийн түр дүрэм» нэртэй 21-н зүйл бүхий эрх зүйн баримт бичгийг батлан гаргаснаар манай улсын Замын хөдөлгөөний анхны дүрэмтэй болсон байна.

 

2.   Монгол улсын 20 дугаар оны (1930 оны) 11-р сарын 28-ны өдөр - Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газрын Эрхлэх товчооны 75 дугаар хурлаар «Бүгд Найрамдах Монгол Ард Улсын хил хязгаарын дотор ба тус улсын хүн ам олонтой газруудаар уурын ба мотоциклет тэргэд хийгээд ердийн ба тэмээн хөсөг жич дугуй зэргийн зүйлийг хэрхэн жолоодож хөдөлж явах ба нэвтрэх тухай дүрэм» нэртэй, 3-н бүлэг, 28-н зүйл бүхий баримт бичгийг батлан гаргаж өмнөх түр дүрмийг шинэчилсэн байна.

 

3.   Монгол улсын 26 дугаар оны (1936 оны) 9-р сарын 25-ны өдөр - Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Сайд нарын Зөвлөлийн 41 дүгээр хурлаар «Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Улаанбаатар хотын гудамж зээлээр уурын тэрэг, хөсөг ба явган хүмүүс зэргийн явах зорчих журмын тухай дагаж гүйцэтгэх заавар» нэртэй 9-н анги, 34-н зүйл бүхий баримт бичгийг шинэчлэн баталжээ. Энэхүү заавар уйгаржин монгол бичгээр хэвлэгдсэн байна.

 

Энэхүү заавар 26 дугаар оны (1936 оны) 10-р сарын 15-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж, 30 дугаар оны (1940 оны) 10-р сарын 4-ний өдрийн Ардын Сайд нарын Зөвлөлийн 38 дугаар хурлын тогтоолоор хүчингүй болжээ.

 

4.   Монгол улсын 30 дугаар оны (1940 оны) 10-р сарын 4-ний өдөр - Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Сайд нарын Зөвлөлийн 38 дугаар хурлын “Хотын гудамжаар явах дүрмийн тухай” тогтоолоор «Бүгд Найрамдах Монгол Ард Улсын хотын гудамжаар явах дүрэм» нэртэй 29-н анги, 144-н зүйл, замын тэмдгүүдийн заалт, загварыг тусгасан 1 хавсралттай шинэчилж батлан гаргажээ. Уг дүрмийг уйгаржин монгол бичгээр, тэмдгийг өнгөт зурагтайгаар 5000 хувь хэвлэсэн байна.

 

Энэхүү дүрэм 30 дугаар оны (1940 оны) 11-р сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж, 1950 оны 6-р сарын 2-ны өдрийн Сайд нарын Зөвлөлийн 135 дугаар тогтоолоор хүчингүй болжээ.

 

5.   1950 оны 6-р сарын 2-ны өдөр - Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Сайд нарын Зөвлөлийн 135 дугаар тогтоолоор «Бүгд Найрамдах Монгол Ард Улсын хотуудын гудамж ба замын хөдөлгөөний дүрэм» нэртэйгээр шинэчлэн баталжээ. Уг тогтоолын 6 дугаар зүйлд заасны дагуу тус дүрэм хэвлэгдэж нийтлэгдсэн өдрөөсөө хойш 15 хоногийн дараагаас хүчин төгөлдөр үйлчилж, 1957 оны 6-р сарын 17-ны өдрийн Сайд нарын Зөвлөлийн 278 дугаар тогтоолоор хүчингүй болжээ.

 

6.   1957 оны 6-р сарын 17-ны өдөр - Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Сайд нарын Зөвлөлийн 278 дугаар тогтоолоор «БНМАУлсын хотуудын гудамж ба замын хөдөлгөөний дүрэм»-ийг 31-н бүлэг, 141-н зүйлтэйгээр шинэчлэн баталжээ. Энэхүү тогтоолыг 1960 оны 3-р сарын 31-ний өдрийн Сайд нарын Зөвлөлийн 142 дугаар тогтоолоор хүчингүй болгожээ.

 

7.   1960 оны 3-р сарын 31-ний өдөр - Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Сайд нарын Зөвлөлийн 142 дугаар тогтоолоор «БНМАУлсын хотуудын гудамж ба замын хөдөлгөөний дүрэм»-ийг 30-н бүлэг, 137-н зүйлтэйгээр шинэчлэн баталжээ. Энэхүү тогтоолын 4 дүгээр зүйлээс бусдыг 1966 оны 10-р сарын 5-ны өдрийн Сайд нарын Зөвлөлийн 354 дүгээр тогтоолоор хүчингүй болгожээ.

 

8.   1966 оны 10-р сарын 5-ны өдөр - Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Сайд нарын Зөвлөлийн 354 дүгээр тогтоолоор өмнөх дүрмийг «БНМАУ-ын хот, суурингийн гудамж, замын хөдөлгөөний дүрэм» нэртэйгээр, 17-н бүлэг, 162 зүйлтэй болгон шинэчлэн баталж, 1967 оны 6-р сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөхөөр тогтоожээ.

 

1976 оны 10-р сарын 19-ний өдөр - Сайд нарын Зөвлөлийн 356 дугаар тогтоолоор дээрх дүрмийн тээврийн хэрэгслийн хурдны хязгаарлалд өөрчлөлт оруулжээ.

 

1966 онд батлагдсан энэхүү дүрэм бараг 20-н жил буюу хамгийн урт хугацаанд хүчин төгөлдөр үйлчилсэн бөгөөд уг дүрэм болон түүнд орсон өөрчлөлтүүд нь Сайд нарын Зөвлөлийн 1985 оны 4-р сарын 26-ны өдрийн 96 дугаар тогтоолоор 1986 оны 1-р сарын 1-ээс хойш хүчингүй болжээ.

 

9.   1985 оны 6-р сарын 4-ний өдөр - Замын хөдөлгөөний дүрмийг Сайд нарын Зөвлөлөөс баталдаг байсныг 1985 оны 4-р сарын 26-ны өдрийн Сайд нарын Зөвлөлийн 96 дугаар тогтоолоор өөрчилж Нийгмийг Аюулаас Хамгаалах Яаманд эрхийг олгосны дагуу тус яамны сайдын 380 тоот тушаалаар өмнөх дүрмийг «БНМАУ-ын замын хөдөлгөөний дүрэм» нэртэйгээр, 15-н бүлэг, 183-н зүйлтэй болгон шинэчлэн баталж, 1986 оны 1-р сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдүүлжээ.

 

1987 оны 12-р сарын 16-ны өдөр - Нийгмийг Аюулаас Хамгаалах Яамны сайдын А/64 тоот тушаалаар дээрх дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Уг нэмэлт, өөрчлөлт нь 1988 оны 6-р сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болжээ.

 

1985 онд батлагдсан энэхүү дүрэм болон түүнд орсон нэмэлт, өөрчлөлтүүд нь Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Цагдаагийн Ерөнхий Газрын даргын 1991 оны 7-р сарын 24-ний өдрийн б/175 тоот тушаалаар хүчингүй болжээ.

 

10. 1991 оны 7-р сарын 24-ний өдөр - Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Цагдаагийн Ерөнхий Газрын даргын “Дүрэм батлах тухай” б/175 тоот тушаалаар «БНМАУ-ын Замын хөдөлгөөний дүрэм»-ийг 15-н бүлэг, 174-н зүйлтэйгээр шинэчлэн баталж, 1991 оны 10-р сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдүүлжээ.

 

1993 оны 4-р сарын 6-ны өдөр - Монгол Улсын Цагдаагийн Ерөнхий Газрын даргын 88 тоот тушаалаар дээрх дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Уг нэмэлт, өөрчлөлт нь 1993 оны 4-р сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болжээ.

 

1991 онд батлагдсан энэхүү дүрэм болон түүнд орсон нэмэлт, өөрчлөлтүүд нь Монгол Улсын Засгийн газрын 1996 оны 9-р сарын 21-ний өдрийн 239 дүгээр тогтоол гарсантай холбогдон хүчингүй болжээ.

 

11. 1996 оны 9-р сарын 21-ний өдөр - Монгол Улсын Их Хурлаас 1996 оны 4-р сарын 30-ны өдөр баталсан «Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай» хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Замын хөдөлгөөний дүрмийг Засгийн газраас баталж байхаар тогтоосны дагуу Монгол Улсын Засгийн газрын “Дүрэм батлах тухай” 239 дүгээр тогтоолоор «Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм»-ийг 9-н бүлэг, 161-н зүйл, 1 хавсралттайгаар шинэчлэн баталж, 1996 оны 11-р сарын 1-нээс эхлэн мөрдүүлжээ.

 

1998 оны 12-р сарын 2-ны өдөр - Монгол Улсын Засгийн газрын 219 дүгээр тогтоолоор дээрх дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулжээ.

 

2003 оны 4-р сарын 23-ны өдөр - Монгол Улсын Засгийн газрын 99 дүгээр тогтоолоор дээрх дүрмийн тээврийн хэрэгслийн хурдны хязгаарлалд өөрчлөлт оруулжээ.

 

1996 онд батлагдсан энэхүү дүрэм болон түүнд орсон нэмэлт, өөрчлөлтүүд нь Монгол Улсын Засгийн газрын 2004 оны 4-р сарын 5-ны өдрийн 74 дүгээр тогтоолоор хүчингүй болжээ.

 

12. 2004 оны 4-р сарын 5-ны өдөр - Монгол Улсын Засгийн газрын “Дүрэм батлах тухай” 74 дүгээр тогтоолоор «Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм»-ийг 23-н бүлэг, 165-н зүйл, 3 хавсралттайгаар шинэчлэн баталж, 2004 оны 9-р сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдүүлжээ. Энэхүү дүрэм 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Монгол Улсын Засгийн газрын 239 дүгээр тогтоолоор шинэчлэн батлагдсан Замын хөдөлгөөний дүрэм 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлснээр хүчингүй болсон.

 

13.  2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр - Монгол Улсын Засгийн газрын “Дүрэм батлах тухай” 239 дүгээр тогтоолоор «Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм»-ийг 27-н бүлэг, 225-н зүйл, 4 хавсралттайгаар шинэчлэн баталж, 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж байна.

 

Замын хөдөлгөөний дүрэм нь замын хөдөлгөөнд оролцогч нарын аюулгүй байдлыг хангах үндсэн зорилготой зүгээр хэн нэгэн хүн зохиогоод бичсэн зүйл огтоосоо ч биш бодит үйл явдлын сургамж, туршилтаас урган гарсан амьд явах амьдралын алтан дүрэм билээ.

Shuud.mn
Сонин хачин