А.В.Александровын нэрэмжит чуулгын аялгуу "сүлсэн" ҮДЭШ


Халхын голын байлдааны ялалтын түүхт 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд ОХУ-ын Урлагийн гавьяат зүтгэлтэн, Хойд Осетийн Ардын жүжигчин, Уран сайхны удирдаач, Хурандаа Геннадий Саченюкээр ахлуулсан 132 хүний бүрэлдэхүүнтэй А.В.Александровын нэрэмжит ОХУ-ын Зэвсэгт хүчний Эрдмийн чуулгын хүндэтгэлийн тоглолт өчигдөр /2019.08.28/ Д.Сүхбаатарын нэрэмжит талбайд боллоо.
Оросын армийг, орос ах нарыг “Цэргийн сургуулийнхан” гэх олон ангит уран сайхны киногоор төсөөлж өссөн надад “суворовчууд” жинхнээсээ манай нийслэлд цугласан гайхалтай нэгэн үдэш байлаа.
А.В.Александровын нэрэмжит ОХУ-ын Зэвсэгт хүчний Эрдмийн чуулгын найрал хөгжимчид, найрал дуучид Монгол Улс, ОХУ-ын төрийн дууллыг дуулж тоглолтыг эхлүүлэв.
Тоглолт "Цэнхэр тал минь", "Дөрвөлсөн морьт цэрэг", "Ариун дайн", "Гургалдай шувуу", "Берлинээс би харьж явна", "Борхон бүсгүй", "Катюша", "Дамнуургатай наймаачид", "Алив эргэ, уушийн газар руу довтлоорой", "Питерийн гудамж дагуу" зэрэг цэрэг, дайны сэдэвт шилдэг дуу, бүжгээр үргэлжиллээ.
Тоглолтын төгсгөлд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан нар ОХУ-ын Урлагийн гавьяат зүтгэлтэн, Хойд Осетийн Ардын жүжигчин, Уран сайхны удирдаач, Хурандаа Геннадий Саченюкэд дурсгалын зүйл гардуулан өгөв.
Ингээд алдарт А.В.Александровын нэрэмжит чуулгын аялгуу "сүлсэн" үдшээс бэлтгэсэн фото сурвалжлагыг хүргэж байна.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ