Монгол, хятад хүүхдүүд урлагаар нөхөрлөж байна


Монгол Улс БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байна. Энэхүү тэгш ойг хоёр улс өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлэхээр зэхжээ.
Тухайлбал ЗГХА Соёл, урлагийн газар, БНХАУ-ын Засгийн газрын харьяа /china.com.cn/ Хөгжмийн суваг хоорондын хамтын ажиллагааны хүрээнд 2019 оны 08 дугаар сарын 21-нээс 26-ны хооронд Улаанбаатар хотноо “Торгоны зам” хоёр улсын уран бүтээлчдийн уулзалт, хүүхдийн тоглолт зэрэг арга хэмжээ зохион байгуулагдана.
Өнөөдөр /2019.08.22/ Монгол-Хятадын хамтарсан “Торгоны зам” хүүхдийн тоглолт Монголын хүүхдийн ордны тайзнаа боллоо.

Хиргүй тунгалагхан инээмсэглэлтэй, хөх торгон монгол цамцтай хятад хүү цангинатал дуулах нь цаанаа л гэгээн. Түүний дараагаар улаан даашинзтай эмэгтэй ятгын эгшгээр уянга сүлэх нь бас л сайхан. Харин цагаан даашинзтай бяцхан охин бүхий л авьяасаа шавхан аялгуу шаглах нь саатаад л баймаар сонсголонтой.

Улс орон, үашин шүтлэг, нийгмийн гарал үүслээс үл хамааран хятад, монгол хүүхдүүд тайзнаа нэгдэн бие биедээ авьяасаараа бэлэг барьж, тайзнаас буугаад хөшигний ард гар барин танилцан “Эх оронд минь тавтай морил” хэмээн монгол хүү хятад найзыгаа урих нь дулаан бас дотно.

Ийнхүү Монгол Улс БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд зохиогдож буй арга хэмжээ үр өгөөтэй эхэлж байна.



Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ