Монгол Улсын музейн үзмэрийн 60-70 хувь нь эвдрэлтэй байна

-Соёлын өвийг хамгаалахад Солонгосоос туршлага судална-

Монгол, Солонгос хоёр улсын Cоёлын өвийн үндэсний төвийн санаачлагаар манай улсын төлөөллүүд өнгөрөгч дөрөвдүгээр сард БНСУ-д очиж туршлага солилцох уулзалтыг зохион байгуулсан. Тэгвэл энэ удаад Солонгосын Соёлын өвийн сангийн ерөнхийлөгч Жинь Уг Соб болон тус сангийн төлөөлөл Монгол улсад ажлын айлчлал хийж байна.
Энэхүү айлчлалын хүрээнд монгол-солонгосын соёлын өвийг хадгалж хамгаалах, сурталчлах чиглэлээр хамтран ажиллахаар “Хамтын ажиллагааны санамж бичиг”-т гарын үсэг зурах ёслолыг зохион байгууллаа.
Энэ талаар Солонгосын Соёлын өвийн сангийн ерөнхийлөгч Жинь Уг Соб “Өнөөдөр хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Цаашид хамтын ажиллагааны хүрээнд хоёр орны биет болон биет бус өвийг яаж олборлож, хэрхэн өвлөн хамгаалах, түүний статистик судалгаа болон аргачлалыг хэрхэн гаргах талаар туршлага хуваалцана. Солонгос улс магадгүй олборлолтын техник технологи, багаж төхөөрөмжөөр Монгол улсаас өмнө алхаж байж болох юм. Тиймээс бид өөрсдийн хуримтлуулсан туршлагаа монгол талд харамгүйгээр хуваалцана гэж төлөвлөж байгаа” гэв.

Мөн өнөөдөр /2019.07.22/ “Монгол Солонгос улсын соёлын өвийн салбар дахь хамтын ажиллагааг чадавхжуулах нь” сэдэвт уулзалт, семинар Монголын Уран зургийн галлерейд боллоо.
Соёлын өвийн үндэсний төвийн захирал Г.Энхбат “Монгол Улс Солонгос улс хооронд соёлын өвийг хамгаалах чиглэлээр нарийвчилсан хамтын ажиллагаагүй явж ирсэн. Энэ үүднээс манай улсын БСШУСЯ, Соёлын өвийн үндэсний төв, Солонгос улсын соёлын өвийг хамгаалах сан хамтарч ажиллахаар өнөөдөр уулзалт семинар хийж байна. Уулзалтын гол зорилго Солонгос улс соёлын биет бус өвийг хамгаалах чиглэлээр олон улсад туршлагатай, өвийг уламжилж буй хүнд маш их анхаарал тавьдаг. Тэр үүднээс бид энэ туршлагыг монгол улсад нэвтрүүлэхийг зорьж байна. Хоёрдугаарт Монгол улсын соёлын өвийг бүртгэн баримтжуулах хамгаалах чиглэлээр соёлын өвийн үндэсний төвийн шинэ барилгад тодорхой хэмжээний техникийн судалгаа үзүүлж, хамтын ажиллагааг өрнүүлье, соёлын өвийг бүтээлч үйлдвэрлэл, аялал жуулчлал руу оруулахад өөрсдийн туршлагыг танилцуулах чиглэлээр ажиллаж байна” гэдгийг онцоллоо.
Монгол Улсын музейн үзмэр 2019 оны тооллогоор 240 гаруй мянган үзмэр тоологдсон байна. Үүнээс эвдрэл гэмтэлтэй үзмэрийн тоо 60-70 хувийг эзэлжээ. “Энэ бүгдийг нэн яаралтай сэргээн завсарлах нь чухал. Ингэхийн тулд хэрхэн эвдэрч гэмтсэн гэдгийг оншлох хүн хэрэгтэй. Оношилсны дараа хэрхэн сэргээн засварлах уу, ямар техник хэрэгсэл ашиглах вэ гэдгийг тогтоох төрөлжсөн лаборатори хэрэг болно. Энэ ажилд одоо ажиллаж буй 13-14 хүн хаанаа ч хүрдэггүй” гэдгийг Г.Энхбат захирал учирлав.
Харин соёлын өвийг хамгаалах зориулалтын байрыг барьж байгуулж буй бөгөөд энэ оны аравдугаар сард ашиглалтад оруулахаар ажиллаж буй юм байна. Энэ талаар Соёлын өвийн үндэсний төвийн захирал Г.Энхбат “Соёлын өвийг сэргээн завсарлаж, бүртгэн баримтжуулна гэдэг цогц арга хэмжээ. Энэ чиглэлийн зориулалттай барилга манайд хараахан алга. Үүнийг 2014 оноос хойш үе үеийн засгийн газар үйл ажиллагаанд авч хэрэгжүүлээд энэ оны аравдугаар сард ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Энэ барилга ашиглалтад орсноор бид жилд 150 орчим музейн үзмэрийг сэргээн завсарлах хүчин чадалтай болно” гэлээ.

Соёлын биет бус өвийг хамгаалахын тулд суурь судалгаанууд хэрэгтэй. Мөн өвлөн уламжилж буй хүмүүсийн насжилт чухал аж. Гэтэл бас одоогоор 60-аас дээш 80, 90 настай хүмүүс соёлын өвийг уламжилж байна. Эдгээр өв тээгчид амьдралын жамаар хорвоогийн мөнх бусыг үзүүлэх нь болсон нь асуудал дагуулж буйг семинарт оролцогчид онцолж байлаа.

Мөн хотжилт, суурин соёл иргэншил үгүй болж хөдөөнөөс хотыг зорих иргэдийн тоо нэмэгдэж буй нь соёлын биет бус өвийг хадгалж, хамгаалахад сөргөөр нөлөөлж байгаа аж. Тухайлбал баруун зүгийн угсаатны бүлгийнхэн болох Ховд аймгийн уугуул иргэд Төв аймаг, Дархан, Эрдэнэтэд ирж суурьшиж байгаа нь соёлын өвийн тархац хөдөлгөөнд орж эхлэхэд нөлөөлөх болжээ.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ