Чайковскийн нэрэмжит уралдаанд монгол хүн дахин тэргүүлэв

Төгөлдөр хуурч Б.Бат-Эрдэнэ дэлхийн УРЛАГИЙН ОЛИМП гэгддэг П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын хөгжмийн их наадмаас "Шилдэг концертмэйстр" түүхэн шагналыг Монголоос анх удаагаа хүртсэн байна. Б.Бат-Эрдэнэ энэхүү шагналыг хүртснээрээ Монголын Мэргэжлийн хөгжмийн салбарыг тэр дундаа төгөлдөр хуурчдын ур чадварыг дэлхийн давцанд таниулсан түүхэн үйл явдал боллоо.
Тэрбээр уг уралдааны оролцогч гоцлол дуучин Э.Анхбаяртай хамсран хөгжимдөж байгаа билээ. Гоцлол дуучин Э.Анхбаяр өдгөө шийдвэрлэх III шатанд, симфони найрал хөгжимтэй дуулахаар бэлтгэж байгаа аж.
Монгол Улсын Консерваторийн багш, хөгжим судлаач, хөгжим судлаачдыг эгнээндээ нэгтгэсэн “Монголын хөгжмийн индэр” төрийн бус байгууллагын тэргүүн С.Энхбулаг “Бат-Эрдэнэ багш Монголын хөгжимчдийн хувьд, ялангуяа төгөлдөр хуурчдын тухайд түүхэн амжилт гаргалаа. Г.Эрдэнэчимэг, Т.Цолмон, П.Доржпагма багш нар олон жил гоцолж тоглосон. Тэмдэглэх хэрэгтэй. Одоо үед төгөлдөр хуурч С.Саянцэцэг багш идэвхтэй тоглож байгаа. Өнөөдөр Б.Бат-Эрдэнийн нэрийг бахархалтайгаар дурдмаар байна. Дэлхийн тайзнаас монгол төгөлдөр хуурч шилдэг хөгжимчний шагнал хүртлээ шүү дээ. Баярлаж байна. Баяр хүргэе” гэв.
СУИС-ийн багш, хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр “Бат-Эрдэнэдээ том баяр хүргэе. Монголын болон гадаадын ямар ч зохиолыг гайхалтай тоглодог. Ноднин миний төгөлдөр хуурын концертыг маш сайхан хөгжимдсөн дөө” гэжээ.
Монгол Улсын хөгжмийн ууган сургууль Хөгжим бүжгийн коллежийн төгсөгч, Итали улсад Консерватори төгсөж ирээд төрөлх сургуульдаа ажиллаж буй, төгөлдөр хуурчдын олон улсын уралдаануудын шагналт Б.Бат-Эрдэнэд нийт сонгодог хөгжим сонирхогчдын өмнөөс, Virtuoso Gala Concert-ын үзэгчдийн өмнөөс баяр хүргэж, уран бүтээлийн арвин их амжилт хүсэн ерөөе.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ