Сан-Диего хот Дэлхийн элсний спортын наадмаас “нүүр бурууллаа”
2019-06-20

Үндэсний олимпийн хороодын холбоо (ANOC) саяхан албан мэдээлэл тарааж, Дэлхийн элсний спортын анхдугаар наадмын эрхийг Катар улсад шилжүүлжээ. Ирэх аравдугаар сарын 12-16-нд АНУ-ын Сан-Диего хотноо хийхээр төлөвлөж байсан тус наадмын спортын төрөл, хөтөлбөр Катарт хэвээрээ үргэлжлэх болно.

 

 

Америкчуудын наадам цуцалсан шалтгаан нь санхүүгийн хүндрэл гэжээ. Хөрөнгө бэлээр зузаан Катар улс энэ оны есдүгээр сарын 28-наас аравдугаар сарын 6-нд хөнгөн атлетикийн ДАШТ-ийг зохион байгуулж, улмаар 2022 FIFA World Cup (хөлбөмбөгийн ДАШТ)-ыг хүлээн авна. ANOC-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Гунилла Линдберг хэлэхдээ санхүү болон спортын хүчин зүйлийг харгалзан ийм шийдвэр гаргаснаа дурдаад “Дэлхийн элсний спортын наадам нь дээд түвшний тэмцээн бөгөөд дэлхийн зиндааны тамирчид долоо хоног бүр эрхээ авч оролцох нь тодорхой болсоор байна. Үндэсний олимпийн хороод болон тамирчид юунд эргэлзэх хэрэггүй, Катар улс санхүү болон спортын хүчин чадал өндөртэй. Катарын засгийн газрын дэмжлэгээр Катарын олимпийн хороо маш идэвхтэй ажиллаж эхэлсэн” гэв. 14 спортын төрлөөр 70 гаруй орны тамирчид аль хэдийнэ эрхээ баталгаажуулаад байна.

 

Оролцох орны тоог 90 орчимд хүрнэ гэсэн таамаглалыг ANOC-оос гаргажээ. Сан-Диего хот Дэлхийн элсний спортын наадмыг 2017 онд зохион явуулахаар анх төлөвлөсөн боловч хоёр жилээр хойшлуулсан билээ. Тус наадмыг америкчууд 22 спортын төрөлд 5000 орчим тамирчинтайгаар явуулахад 135 сая ам.долларын өртгөөр хүлээн авах байснаа 15 спортын 1300 тамирчинтай, 39 сая ам.долларын төсөв болгож бас бууруулсан юм. Катар улсын өмнө тулгарч буй нэгэн ноцтой асуудал бол хөрш Бахрейн, Саудын Араб, Арабын Эмират улсын зүгээс тэднийг терроризмийг дэмжиж санхүүжүүлдэг гэх хориг билээ. Хоригийн дагуу дээрх орнууд Катараас элчин төлөөлөгчдөө эргүүлэн татаж, худалдаа болон аялал жуулчлалаа түр зогсоогоод байна.

 

Ц.Ганбат

 

Shuud.mn
Сонин хачин
юун сүртэй гарчиг югнөм бэ
2019-06-20